Pages

Sunday, August 15, 2010

Гоёл ( Өгүүллэг )

Хотын төвийн тансаг зоогийн газар хөл хөдөлгөөн ихтэйн дээр намуухан хөгжмийн аятай сүлэлдэн хүмүүсийн яриа хүнгэнэн, хаа нэгтээ аяга таваг харшихаас өөр чимээ үл сонстоно. Булангын хоёр хүний ширээнд ганцаар өдрийн хоолоо идэж суугаа өндөр биерхүү, шаргал царайтай цэвэрхэн залууг Бадрал гэх бөгөөд '' Гадаад хэргийн яам ''-нд хариуцлагатай албан тушаал хашдаг өсөж яваа ирээдүйтэй мэргэжилтэн. Энэ залуу өдөр бүр танил дотно болсон энэхүү зоогийн газарт хооллож, орж гарсан гадаад дотоод хүмүүсийг харж суух дуртай, яг л тэр зангаараа өдрийн хоол идэнгээ  хүмүүсийг харан суугаа нь энэ.

Дөнгөж орж ирээд үйлчлэгчээс суудал асуун, зааж өгсөн суудалд нь суухаар зоогийн газрын том баганы цаанаас ирж яваа ахимаг насны эрэгтэй, мөн түүнтэй хамт явах Турк болов уу гэмээр өргөн магнайтай, өтгөн хөмсөгний дор инээвхийлэх давхраатай нүдтэй, сахалаа цэвэрхэн зассан эрэгтэйг харахад насаараа удирдах ажил хийсэн эсвэл хариуцлагатай алба хашидаг болох нь илт. Тэдний зүгээс харцаа салган цонхон талын ширээг харвал, нүдэнд дулаахан нэгэн бүсгүй инээмсгэлэн ганцаар сууж байх аж.

Бадрал олон сайхан бүсгүйчүүдтэй хамт сурч, ажиллаж зарим нэгтэй нь дотносож ч явсан харин одоо сайн ханийн халамжинд жаргаж, хөөрхөн охиныхоо цангинсан инээдэнд юугаар ч дутахгүй баялаг амьдарч яваа, гэсэн ч өөрийн эрхгүй энгийн тэр бүсгүйг харц салгалгүй ширтэж суулаа.  Цайвар ягаан өнгийн ноолууран цамц өмсөж, үсээ шуусан дөлгөөхөн эмэгтэйн төрх, инээмсгэлэх бүрд нь уруулын цаанаас цайрах тэгш шүд  яг л бусдад байдаг бүхэн бүсгүйд байна гэтэл түүний юу ингэтлээ Бадралыг татаад байгааг тэр мэдэхгүй. Ямар ч байсан түүнийг харахад сэтгэл аяндаа тайвширан, нэг л их амирлангуй бүсгүйн зүгээс ирээд байх шиг сэтгэлд таатай.

Хөгжмийн ая хэдэнтээ солигдож, цаг хором хормоор явсан ч Бадрал зоогийн газраас гарах гэж яарсангүй, цонхны гэрэлд ягааран байгаа бүсгүйн царайг харан хэдэн цагаар ч саатан суухад бэлэн. Энгийн хирнээ ихэмсэг бүсгүй нэг л гоёомсог, гартаа ямар нэгэн зүйлийг барин түүнийгээ харах тусмаа бүр ч жаргалтайгаар инээмсгэлэхэд нүдэнд нь ялимгүй үрчлээ нэмэвч тэр үрчлээ түүнд бүр ч илүү зохиж байх шиг. Бүх л үйлдэлийг нь хэдхэн ширээний цаанаас тасралтгүй харж суугааг анзаарсан бололтой бүсгүй алгуурхан харцаа дээшлүүлж Бадралыг харлаа, гэсэн ч сайх бүсгүй нөгөө л жаргалтай инээдээрээ инээмсгэлсээр түүнийг үл тоон харцаа доошлуулж гартаа байх тэрхүү нандин зүйлээ хайрлан харсаар.

Анхны болзоондоо хайртай залуугаа хүлээн түүндээ ямар нэгэн бэлэг авсан болохыг таамаглаж, ямархан залуу энэ бүсгүйг ингэж догдлуулан татдаг байна гэсэн бодол зурвас бодогдож бас ч үгүй бүсгүй бүрийн нүдэнд өртөж, ээрч хүссэн харцыг үл тоон бардамхан алахдаг Бадралын сониуч занг хөдөлгөн, зоогийн газрийн зөөлөн суудалд хүлсэн мэт суулгана. Цагийн зүү ургаш тэмүүлэн довтолж бүсгүй болзоот залуугаа хүлээн бүр ч илүүтэй догдолж байх шиг санагдахад, хайртай ханиа анхны болзоондоо ингэж догдолж байсан болов уу гэсэн бодол бодогдож, найман жилийн өмнө түүнтэйгээ танилцаж байсан аа нэхэн санагалзав.

... Өндөр хөгжилтэй харийн нэгэн оронд '' Гадаад харилцаа ''-ний чиглэлээр төгсөж ирээд удаагүй, мэргэжлийнхээ дагуу '' Гадаад хэргийн яам''- нд ороод шинэхэн ажилтан хэдий ч чамбай оюутан байж, тэрхүү өндөр хөгжилтэй орны томоохон компанид ажиллаж байсаны хүчинд ажилдаа нэг их түүртэлгүй бүгдийг цэгцэлээд байсан үед Их сургуулийн салбар болох Гадаад харилцааны сургууль дээр нээлттэй мэтгэлцээн болох тул залуу мэргэжилтнүүдийг хүрэлцэн ирэхийг урьж урилга илээсэнээр тэрхүү арга хэмжээнд оролцох болсон сон.

Залуусын эрч хүч, эрмүүн хүсэл бүр мэдрэгдсэн сайхан мэтгэлцээнд сууж, ирээдүйн хөдөлмөрч залуус бэлтгэгдэж байгаад баярлан өөрийн оюутан ахуй үеэ дурсан сургуулийн шатаар дээш өгсөж явтал өмнө нь нэгэн өндөр бүсгүй намбалагхан алхаж явахдаа үснийхээ боолтыг унагаж, гээсэн зүйлийг нь өгөхөөр бүсгүйн араас хэдэнтээ дуудсан ч тэр харалгүй хэсэг яваад сул шүлжсэн үс нь задрахад гайхсан харцаар эргэн харах тэр агшинд  хорвоогийн сайхан бүхэн Бадралд хүрээд ирэх шиг болж даруухан тэр бүсгүйд анхны харцаар дурлаж билээ. Эгэл төрхийн цаана дэндүү их гоо үзэсгэлэнг агуулсан Саруул хэмээх Монголжуу төрхтэй, байнга үсээ сулхан шүлжиж явдаг түүндээ олон жил бүхнээ зориулан байж ханиа болгон авч суусансан. Сэтгүүлч мэргэжилтэй сэтгэлээсээ сайхан бүхнийг гарган бичиж, бичсэн нийтлэл бүрээ Бадралд уншуулан, сайхан үг хэлэхэд нь урамшиж, зөөлөн шүүмжлэлд нь толгой дохин баяртайгаар хүлээж авдаг дэндүү ухаалаг бүсгүй бол түүний хань...

Ийнхүү анхны учрал болоод ханийнхаа дулаахан төрхийг бодсоор бүсгүйн зүг харвал тэр яг л өмнөхөөрөө инээмсгэлэн суусаар, гартаа байгаа тэр л зүйлийг хайр дүүрэн харцаар ширтэнэ, чухам ямар бэлгийг аваад ингэж нандигнаж байгаа бол гэж бодохоос босож очоод харчихмаар санагдана. Энэ л бүсгүйг хараад суувал хонон өнжиж суусан ч чадахаар мэт, хамгийн гол нь энгийн энэ бүсгүй юуг тэгж ихээр хайрлаад байгааг ойлгохгүй, цаг явсаар л удаан ингэж суувал түүнд очоод үдшийг хамт өнгөрүүлье гэж хэлчихмээр ч юм шиг сэтгэл нь нэг л хөнгөн.

Бадрахыг ингэж суугааг даанч бүсгүй анзаарахгүй, анзаарсан ч түүнд өөрийг нь ширтэн суугаа залуу даанч сонирхолтой биш бололтой, эгэлхэн бүсгүй гартаа байгаа тэр л зүйлийг харах бүрдээ улам ихээр инээмсгэлэнэ. Удалгүй хүлээсэн залуу нь ирж байх шиг бүсгүй хаалга ширтэн харцаараа хэн нэгнийг хайлаа, Бадрах ч бас анхны болзоондоо удаан хүлээлгэдэг бөх зүрхтэй залууг харах гэж яарна.

Тэр ирлээ... Бүсгүй бүр жаргалтайгаар инээмсгэлэнэ, догдлон байж хүлээсэн залуу нь долоо, найм орчим насны хөөрхөн хүүг дагуулсаар хүлээлгэсэндээ уучлал хүсэж байгаа бололтой бүсгүйг зөөлөн үнсэж, гарыг нь атгалаа. Бадрал тэднийг хараад өөрийн бодож байсан анхны болзоо биш байсанд гайхах шиг гэвч эгэлхэн бүсгүйн тэнгэрлэг хайрыг бахархахгүй байж чадсангүй. Өөр шиг нь насны залуус бас охин шиг нь хүүхэдтэй хэдий ч бүсгүй яг л анхны болзоондоо догдлон суугаа мэт ханиа, үрээ хүлээн суусан байж.

Цагийг умартан хүлээн байсан зүйл нь түүнд ямар их ухаарал бэлэглэж байгааг тэр мэдэрлээ, сэтгэлд хань нь, хөөрхөн охин нь бодогдоход үйлчлэгчийг дуудан тооцоогоо хийгээд жаргалтай гэр бүлийн хажуугаар инээмсгэлэн өнгөрөхдөө, эгэлхэн бүсгүйд баярлалаа гээд хэлчихмээр байсан ч чангаар биш, зөөлөн шивнэж сэтгэлдээ хэлсээр зоогийн газраас гарч, цэцэгийн дэлгүүрээс сагс дүүрэн сарнай авсаар ханьдаа, үрдээ яарсаар хөдөллөө.

Хайраа миний гоёл бол, чиний минь зүүж өгсөн ядам хуруун дахь бөгж юм шүү гэж хэлээд энгэрт нь эрхлэн байсан ханийнх нь үг чихэнд нь сонсогдоно.

Эгэлхэн бүсгүйд инээмсгэлэл бэлэглэн, гоо үзэсгэлэнгийн гэрэл цацруулж байсан тэр зүйл ядам хуруунд нь байсан хуримын бөгж байсаныг сая л мэдэрлээ.

эх сурвалж: erhtsas.blog.banjig.net

0 comments:

Post a Comment