Pages

Monday, August 2, 2010

Монголд анх удаа 3D кино үзвэрийг нэвтрүүллээ

Дэлхийн болон Холливудын алдартай кинонуудыг нээлтээ хийсэн даруйд нь олон улсын оюуны өмчийн эрхийн дагуу худалдан авч монголчууддаа толилуулдаг  "Тэнгис" кино театр дахин тэсрэлт хийлээ.

Тэд Монголд анх удаа гурван хэмжээст буюу  3D кино үзвэрийг  нэвтрүүлж, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээрээ  дэлхийд тэргүүлдэг Германы "Кinoton" фирмийн 3D дижитал синема кино үзвэрийн төхөөрөмжөөр тоноглогдсон байна. 3D технологи нь стереоскоп зурагнаас үүдэлтэй бөгөөд дүрсийг хоёр алслалтаар авдаг. Тодруулбал, баруун ба зүүн талын нүдэнд тусах хоёр салангид дүрсийг тусгай проектр болон тусгай нүдний шилний тусламжтайгаар нэгтгэн харуулна. Өөрөөр хэлбэл, тусгай проектр, нүдний шил хамтдаа зэрэг ажиллаж байж дүрсийг дэлгэцнээс нааш гаргаж гурван хэмжээстээр үзүүлдэг байна. Үзэгчдэд киног яг тэр орчинд орж, үйл явдалд нь оролцож байгаа мэт сэтгэгдэл төрнө.

Тэнгис кино театрын хамт олон 3D үзвэрийнхээ анхны киногоор  одоо дэлхий дахиныг шуугиулж байгаа "Шрек: Төгсгөлийн анги"-ийг  зургадугаар сарын 1-нээс буюу хүүхдийн баярын өдрөөс үзүүлж эхэлнэ.  Хүүхдүүд төдийгүй томчуудын үзэх дуртай Шрек мангастай киноны дөрөвдүгээр анги 3D технологиор бүтээгдснийг ийнхүү монголчууд үзэх  завшаан гарлаа. Шрекийн шинэ ангийг томчууд 6000, хүүхдүүд 4000 төгрөгөөр үзэх юм байна. 

Сонирхуулахад, гурван хэмжээст  технологи нь ихээхэн өндөр өртөгтэй. Нүдний шил нь гэхэд нэг бүр нь 110 мянган төгрөгийн үнэтэй гэсэн. Өдгөө дэлхийд 4D, 5D технологийг  хэдийнэ туршаад эхэлжээ. Дөрвөн хэмжээст киног үзэхэд үзэгчийн сандал хөдлөх бол Японд туршиж буй 5D технологийн үед үзэгч кинон дахь бүхий л үнэрийг үнэртэх ажээ.

http://www.inet.mn/

0 comments:

Post a Comment