Pages

Thursday, August 12, 2010

ГЭРЛЭЭГҮЙ НЬ /Хошин өгүүллэг/

Л.БАТБАЯР

Дордог хэдийнэ гуч гарчээ.  Гэвч гэрлээгүй л явна.  “Үгүй Дордоог, чи  авгай авсан уу” гэж нэг тааралдахаараа ёс юм шиг асуудаг найз нөхөд нь ч энэ улигт асуултаа давтахаа больжээ.  Дордог ч санаа амарчээ.  Хорин найм, ес хүрэхийн алдад хэрээрээ л санаа зовж, нөхөргүй хүүхний эрэлд мордох нь холгүй асууж сурж явсан сан.

Гээд бас хаанаас л хүн хүнд зовлонгоо тоочиж явах вэ дээ. Зарим нэг танил ч юмуу найз төдий, нэг үгээр хэлбэл сайн нөхөр нь биш бол хэрэгт дурласан асуултад нь “аль хэдийнээ гэрлэчихсэн” гэж ажиггүй хэлээд амыг нь тагласан удаа олоон.  Тэгэхлээр бас зовлонтой.  Хэн гэдэг юм гэнэ.  Хаана, юу хийдэг юм, ямар сургууль төгссөн юм... Арай л хэмжээ дамжаа нь таарч байна уу тэгээд гэх нь холгүй шалгаана.  Дордог эхлээд жаахан түгдэрдэг байснаа харсан зүгтээ шагайлгүй буудчихдаг болов.  Гэтэл нэг хүнд нэг хүүхнийг зохиож ярьснаа мартаад /хаанаас л аваагүй авгайнхаа нэр ус, ажил мэргэжлийг цээжилж явах вэ дээ/ хэрэгт дуртай нөгөө нэгэнд нь өөр хүүхнийг заасаар нэг мэдсэн чинь, өнөөх Дордог чинь авгай авахгүй явж явчихаад, долоо найман хүүхэнтэй сууж, салжээ.  Саяхан л манай Болдод, тийм авгайтай болсон гэж ярьж явсан, дараахан нь Должинд шал ондоо хүүхэнтэй суусан гэсэн байна” гэсэн яриа гарч, хөөрхий Дордог ёстой л хийгээгүй хэрэгт гүжирдүүлж явсан цаг ч бий.
“Ямар авгай авах бол доо.  25 хүрчихлээ шүү дээ.  Гэхдээ яарах юун.  Өлгүүрт шинээр ирсэн хөөрхөн охиныг эргүүлэх үү, за сургууль соёлгүй түүгээр ч яахав.  Зугаалгаар явахад сайхан хоол хийж байсан Тогосбадам нөхөргүй л гэнэ лээ, гэвч ердөө л бичээч юм даа.  Өглөө замд тааралддаг тэр голшиг хүүхэн... уг нь сайхан амьтаан.  Дээд сургууль төгссөн байж чадах болов уу.  Одоо ч ажилчин охид хүртэл дэгжин хувцасладаг болжээ.  За ямар ч байсан би өөрөө яарахгүй ээ!” гэж омог бардам, голж шилэн бичсэн өдрийн тэмдэглэлийнхээ он, сарыг хараад Дордог айв.  Бүтэн арван жил өнгөрчихжээ.  Дахиад хэдэн жил ч өнгөрөх юм билээ.  Хэдэн жил байтугай хорвоо тэр чигээрээ өнгөрчих вий дээ.  Дордог уйлмаар болов.  Хорвоо ямар шудрага бус юм бэ.  Би тийм муу муухай, бузар булай амьтан уу.  Архичин Ааяа хэчнээн сайхан охиныг бараг архичин болчихоод байхдаа л авч суув даа.  Одоо ч архиа уучихаараа тэрнийгээ зодоод, сууж л байна.  Тэгэхэд би шал өөр хүн шүү дээ уг нь.  Дордог уйллаа.  Хэнээс ч ичихэв.  Оюутан байхаасаа ганцаараа эзэгнэсэн өрөөнийх нь хаалга бат нягт хаалттай, хажууд нь хань болон торойх хэн ч байхгүй юм чинь.
Гэтэл саяхны нэг өдөр Дордогийг ханийн заяа тэнгэр хоёр харах шиг болов.  Юу болов хэмээвэл Дордог наран ээсэн намрын тэр сайхан өдөр унаган багын найз Дамбаахүүтэйгээ цав хийтэл уулзав аа.  Дамбаахүү нь хөдөө арван жил ажиллачихаад авгай хүүхдээ аваад хотдоо орж ирсэн гэнэ.  Өнийн юмыг ярилцаж хоёул их л уярчээ.  Одоо л найздаа ханьгүй яваа зовлонгоо ярьж сэтгэлээ нэг онгойлгоё гэж бодож зогстол, харин найз нь урдаас нь:
- Манай муу ижийн ганц төрсөн эгч нь гэж нэг хөгшин байдаг юм.  Бага охин нь одоо гуч хүрэх нь, хүнтэй суудаггүй.  Хөгшин нь надад үглээд байх юм гээд нүд рүү нь анхааралтай ширтэх нь ингэхэд чи гэрлэсэн үү, үгүй юу гэж шалгах мэт.
Дордогийн зүрх түг түг цохилов.  Хоёр гар нь өөрийн эрхгүй Дамбаахүүгийн хоёр мөрнөөс бариад авлаа.
- Муу найз нь одоо болтол ганцаараа!  гэж сэтгэлээ онгойтол үнэнээ хэлэв.
- За тэгвэл хоёулаа худ ураг болчихоё!  гэж залуу цагийн шийдмэг зангаараа Дамбаахүү хэллээ.  Дордогийн нулимс мэлтэлзэв.  “Унаган багын анд минь!”
Тэгээд хоёулаа сэлүүхэн урт гудамжаар шивнэн шивнэн ярьсаар, явсаар Дамбаахүүгийн хэлснээр тактикаа боловсруулав.
- Ажил дээр нь цуг очьё.  Надад бичгийн машины үдээс хэрэгтэй болж л дээ.
- Үгүй ээ, тэр болохгүй.
- Яагаад?
- Үхсэн муу үдээс төдийхөн ...
- Тэгвэл I зэргийн бичгийн цаас ...
- Үгүй болохгүй.
- Яагаад.
- Яахав, би цаадахын чинь занг мэднэ.
- Тэгвэл гэрт нь цуг очъё.
- Тэр нь дээр.  Чамтай энүүхэнд, гадаа нь тааралдсан болъё.
- Тэгээд...
- Тэгээд үү, үгүй энэ бас болохгүй нь.
- Яах вэ?
- Яах юу байхав.  Ингэе! Хоёулаа...
- За!
- Хоёулаа ... байз, байз, энэ бас болохгүй нь ээ.  Энэ бүр бүтэхгүй.
- Яагаад.
- Цаадах чинь шууд дургүйцнэ. Би зангий нь андахгүй.                        -Яая  даа, байз.
- Яах юу байхав.  Хоёулаа зоогойд орж ярилцая.
- Тэгье, тэгье.  Найз нь даая!
Хоёулаа нэлээд суулаа.  Хар усны балгаар хайран сайхан таакчик маань боловсрохгүй, талаар нэг юм болчих вий гэж Дордог баахан айж байсан нь гайгүй өнгөрчээ.  Эрстораан гэдэг хэрийг нь тааруулж, хэмжээтэй өгдөг, ёс ёмбогор газар юм санж.  Хоёулаа сайхан халаад гарч явах үес нарийн таакчикаа яв цав болгочихсон байлаа.
-    За найз минь, арав төгсөх үдэшлэг дээр чи хар костюмтай байснаа санаж байна уу.  Тиймэрхүү шинэ хар комтюм одоо чамд бий юу.
-    Бүр саатай хар бий.  Даанч дээ, энэ чинь.
-    Зөв.  Түүнийгээ өмс!  Цагаан цамц өмсөөд, дээр нь судалгүй, цулгуй хар зангиа зүү!
-    Баярлалаа, найз аа.
-    Сахлаа хусахаа мартав аа.
-    Даанч дээ, энэ чинь.
-    За, яг шүү.  Чи яг байж байна шүү.
-    Тэгэлгүй яахав, даанч дээ.
-    Утас, хаягаа чи надад зөв бичиж өгсөн биздээ.
-    Даанч дээ, энэ чинь.
-Баяртай Дордоог!
-    Баяртай Дамбаахүү!
Тэгээд найз хоёр салжээ.  Саяхны тэр нэг сайхaн өдрөөс хойш бас ч хөөрхөн хугацаа өнгөрч дээ.  Гэвч Дордог маань гэрлээгүй л явна.  Учир нь нөгөө болзсон өдрөө анд Дамбаахүү нь ирээ ч үгүй, яриа ч үгүй билээ.

Хошин өгүүллэг

Л.Батбаяр

0 comments:

Post a Comment