Pages

Saturday, August 7, 2010

Монголын түүхэнд Чингис хааны гүйцэтгэсэн үүрэг

X зуунаас эхлэн Монгол нутагт Түрэг аймгуудын ноёрхлын үе шувтарч, Монгол угсааны аймгууд дорнодод Их Хянган, өрнөдөд Алтайн уулс, өмнө зүг Түмэн газрын урт Цагаан хэрэм, умар зүг Байгаль нуур хүртэл өргөн уудам нутагт тархай бутархай нутаглан амьдарч, өөрийн гэсэн нэгэн толгойгүй, өвөр хоорондоо үргэлжийн дайн самуунтай харийн гүрнүүдийн эрхшээлд хялбархнаар авдагдах тиим л эгзэгтэй цаг мөч зонхилж байлаа. Тэр үеийн Монгол дахь хэрэг явдлын өрнөл нь Монгол нутагт хүчин чадлаараа бусад аймаг, аймгийн холбоодыг давамгайлан гарч ирсэн Хамаг Монгол, Найман, Хэрэйд, Татар, Мэргид зэрэг ханлигууд нь бусдаа эрхэндээ оруулан захирч, улмаар бүхий л тархай бутархай ханлиг аймгуудыг нэг Хааны захиргаанд нэгтгэж, нэгдмэл нэгэн улс гэр тогтоох замаар явж байсан юм. Монгол оронд нүүдэлчин ард түмний нэгдсэн төр байгуулагдах түүхэн ботид тохирол бүрдсэн ийм түүхэн эгзэгтэй үед талын ханлиг аймгийн язгууртан нарын дотроос нэгдсэн төр байгуулах үйл явцыг хэрэгжүүлж, биелүүлэхэд хүчин зүтгэх хүмүүс зайлшгүй гарч ирэх ёстой байсан ажээ. Энэ бол Монголчуудын мөнх тэнгэрийн хүчинд мэргэн зөлбирч байсан хүсэл мөрөөдөл мөн байлаа.


Тэрхүү түүхэн үйл хэргийг өөрийн бие сэтгэлээр амьдралд хэрэгжүүлэх түүхэн хувь заяа Онон, Хэрлэн, Туул гурван голын саваар нутагладаг Хамаг Монгол ханлигийн Есүхэй баатрын хөвгүүн Тэмүжинд ноогдсон юм. Тэмүжин-Чингис хаан үйл амьдрал янз бүрийн зөрчлөөр дүүрэн, эерэг сөрөг талтай болох нь хэн бүхэнд ойлгомжтой юм. Чингис хааныг дэлхийн эрдэмтэд, түүхчид, улс төрийн зүтгэлтнүүд янз бүрээр үнэлэн дүгнэдэг боловч эцсийн эцэст Чингис бол дахин давтагдашгүй, ер бусын хувь тавилантай түүхэн суут хүн гэдэгт санал нэгддэг.

Иймээс ч 2002 онд Тайм /Time/ сэтгүүлээс шалгаруулдаг "Мянганы суут хүн"-ээр Чингис хааныг тодруулсан билээ. Тэмүжин нь эр өсөж, эсгий сунахын цагтаа эцэг Есүхэй баатрыг нас барсны дараа сарнин одсон аймаг овгуудаа дахин захирах, хагацсан улсаа хамтатгах, бутарсан улсаа нэгтгэх үйлсэд зориг шулуудсан билээ. Түүний энэ их үйл хэрэгт эцгийн хуучин анд Хэрэйд ханлигийн Ван хаан, багын анд Жадаран аймгийн Жамуха цэцэн, идэр үеийн эрхэм нөхөд Аруладын Боорчи, Урианхайн Зэлмэ зэрэг анд нөхөд нь хүн хүч, зэр зэвсэг, өөрийн хүчин чадал, оюун ухаанаараа ихэд дэмжин тусалсан билээ. 1178 онд Мэргэд аймгийн гэндүүлэн довтолж булаалгасан эхнэрээ эргүүлэн авч их ялалт байгуулсан нь Тэмүжиний алдар нэрийг талын нүүдэлчин аймгуудын дунд анх цуурайтуулж Баарин, Жалайр, Мангуд зэрэг олон жижиг овог аймаг бараадан дагах болсон.

Тэмүжиний нэр хүнд ийнхүү тал нутагт огцом өсөж, богино хугацаанд Хамаг Монгол ханлигаа ерөнхийд нь хураан авч чадсан юм. Шороон тахиан жил буюу 1189 онд Тэмүжин Цэнхэрийн голын хөвөө, Хар зүрхний Хөх нуур гэдэг газар буудаллан байхад Хотула хааны хүү Алтан, Жүрхэн аймгийн толгойлогч Сача-бэхи нар зөвлөлдөн Тэмүжинг Хамаг Монголын хаанд өргөмжилж "Чингис хаан" хэмээх алдар цол олгосон билээ. Тэр жил Тэмүжин 28 настай байжээ. Хотула хаанаас хойш нэлээд хэдэн жил бараг толгойлогчгүй явсан Хамаг Монгол чухам ингэж Тэмүжин гэдэг хаантай болсон юм. Чингис хаан Хамаг Монголын хаан болмогц Ихэрэс, Барлас, Ноёхон, Салжиуд зэрэг олон Монгол аймаг захиргаанд нь хэвээр байсан өөрийн өрсөлдөгч Жадараны Жамуха сэцэнтэй нүүр тулан тэмцэлдэхэд хүрч, 1201 онд Жамухыг хүйтэн гэдэг газар бүрмөсөн буулган авчээ. Чингис хаан Жамуха сэцэнтэй тэмцэлдэх явцад Монголын тал нутагт тархай бутархай нүүдэллэн амьдарч байсан олон ханлиг, аймгуудтай ман нэгэн нөхөрлөх үедээ нөхөрлөж, мэс зөрүүлэх үедээ хатгалдаж явах түүхэн ээдрээ нугачааны тавиланд өөрийн эрхгүй татагдан орсон юм. Энэхүү хувь тавилан нь аажмаар Чингис хаанд талын олон аймаг, ханлигийг нэгтгэн нүүдэлчдийн нэгдсэн Их улсыг байгуулах түүхэн их үүргийг үүрүүлэхэд хүргэсэн ажээ. Чингисийн энэхүү үүрэг хялбар хөнгөн байсангүй. Идэр залуу наснаас эхэлсэн энэ түүхэн үйл хэрэг нь түүний бүх насны тэн хагасаас илүүг эзэлж 45 нас зооглох үед сая дөнгөж гүйцэлдсэн юм. 1190 оноос Жамухыг дагалдаж байсан олон овог, аймаг Чингисийг даган орж Чингис хааны хүч нь ихэд зузаарчээ.

Тэрхүү өсөн бэхжиж байсан хүчиндээ дулдуйдан 1196 онд Татарыг, 1197 онд Жүрхэн болон Мэргэдийг, 1200 онд Тайчуудыг, 1201 онд Жамухын нэгдсэн хүчнийг тус тус довтлон цохиж 1202-1205 оны үед Хэрэйд, Найман зэрэг хүчирхэг ханлигуудыг ялжээ. Тийнхүү 1189 оноос хойш 10 илүү жилийн хугацаанд Чингис хаан 30 илүү тооны тулалдаан хийж язгуур Монгол төдийгүй нийт эегий туургатан Монголчуудаа нэгэн эрх захиргаанд бүрэн оруулжээ.

Иймд Монголын олон аймаг, ханлигийн язгууртнууд 1206 оны улаан барс жил Онон голын хөвөөнд цугларч, есөн хөлт цагаан тугаа мандуулан Их Хуралдай хуран Чингисийг цагаан эсгий дээр суулган Их Монгол Улсын Их хаанаар өргөмжилжээ. "Монголын Нууц Товчоо" болон бусад сурвалж зохиолуудад Чингисийн байгуулсан улсын нэрийг дурьдаагүй байна. Гэвч Өгэдэй хаан "Их Монгол Улсын далай хааны тамга" гэсэн үг үсэг бүхий төрийн тамгатай байсныг үндэслэн Чингисийн байгуулсан нэгдмэл.улсыг "Их Монгол Улс" хэмээн нэрлэсэн учиртай бөлгөө. Шинэ мандсан Нэгдсэн Монгол Улс бүрэлдэн тогтоход Чингис хааны өөрийн гавъяа зүтгэл, мэргэн ухаанаас гадна түүний шадар нөхөрлөгчид, түүнийг дэмжсэн нийт Монгол түмэн чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглэж байвал зохино. Монголын нэгдсэн улс байгуулагдсанаар бид доорхи үр шимийг хүртсэн.

Yүнд:

- Олон овог аймгийн хороондын удаан хугацааны тасралтгүй дайн дажин намжиж, салангид тасархай байдал эцэс болж, улмаар Монгол гэсэн нэгэн угсааны ард түмэн цөмөөрөө нийлж Монгол үндэстэн бүрэлдэх нөхцлийг буй болгосон, - Урьд нь аймаг ханлиг бүр тус тусдаа хил хязгаар, газар нутагтай байсан бол тэр нь арилж, Монгол улсын нутаг дэвегэрийн дотор, тэр тусмаа Гурван голын сав газраар төвлөсөн өргөн уудам нутгаар улсын хил хязгаар тогтож бий болсон. Тэр нь өнөөгийн Монгол улсын хилийн шугамыг татаж тогтооход суурь болж өгсөн,

- Олон овог аймгийг нэгдмэл нэгэн засаг захиргаанд оруулсан нь нутаг нутгийн аялгуунууд харилцан бие бие биедээ шингэн орох явц түргэсч, ардын ярианы хэл аман зохиол дээр үндэслэсэн Монгол үндэстний хэл бүрэлдэн тогтнох нөхцөл бүрэлдэж, Монгол бичгийн хэл үүсэх суурь тавигдсан,

- Оюуны соёл, ахуй байдал, зан суртахуун зэрэг амьдарлын хэвшлээрээ өөр өөр овог аймгууд нэгдсэнээр нэгэн Монгол соёл бүрэлдэж, улмаар Монгол нутаг, Монгол хүн гэсэн ухагдахуун буй болж Монголоо гэсэн үндэсний бахархал, үндэсний үзэл өнөөг хүртэл бидний дотор үеэс үед хадгалагдан ирсэн.
Чингис хаан бол улс үндэсний эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьж, улс орны нэгдлийг хангах хааны засгийг бэхжүүлэх, хааны засагт үнэнч байлгахыг туйлаар эрхэмлэдэг.

Чингис Их Монгол Улсын Далай хаан суумагц юуны өмнө цэрэг, засаг захиргааны шинэтгэлийг өөрийн оюун ухаандаа бодож сэтгэснээрээ хийж, зам харилцааны хэргийг анхааран уудам их улс гүрний дотор олон зүг салбарласан өртөө байгуулж эхлэв. Yүнийг Өгэдэй хаан үргэлжлүүлэн гүйцээсэн. Чингис хаан нь төр, засаг захиргаа, цэргийн шинэчлэлээ урьдын Хүннүгиин үес нүүдэлчдиин төр улсуудад уламжлагдан ирсэн иргэний арван өрхийн нэгжид тулгуурласан зуут, мянгат, түмтийн бүтцийг гол цөмөө болгожээ. Чингис хаан засаг захиргааны хувьд улсаа төв, баруун, зүүн гар гэсэн гурван хэсэгт хувааж, зүүн гарын түмэнд 62 мянгат, баруун гарын түмэнд 38 мянгат, төвийн түмэнд 101 мянгатыг багтаажээ. Мянгат буюу мянган гэдэг нь 1000 орчим цэрэг гаргах өрхийг хамарсан цэрэг, иргэний зохион байгуулалтын нэгж байв. Мянгатын ноёдоор хуучин овог аймгийн ахлагч, тэргүүлэгчдийг бус өөртөө үнэнч итгэлтэй хүмүүсийг томилсон байдаг. Энэ нь салан тусгаарлах бодолтой хуучин овог аймгийн тэргүүн нарын нэр нөлөө, эрх хүчийг сулруулсан буюу арилгах алхам байсан. Мянгатууд нь хүн амын тоогоор харилцан адилгүй, ихэнх мянгат нь олон овгийн эрээвэр хураавар иргэдээс байсан нь өмнөх үеийн овог аймгийн харъяалалыг үндэс болгосон байгуулалтыг эвдэж, янз бүрийн овог аймгийн хүмүүсийг нутаг дэвегэрийн харъяаллаар багцалсан шинэ хувиарлалт болсон юм. Мянгатыг цэргийн байгуулалт талаас нь авч үзвэл, цэргийн нэгэн удирдлагын системийг буй болгосон хэрэг бөгөөд цэргийг овог аймгийн ахлагч нь удирддаг хоцрогдсон ёсыг халж, цэргийн мэргэжлийн хүмүүс нөхөрлөгчид хэмээх цэрэг дайны дадлага туршлагатай хүмүүс удирдах болсон байна.

Өөрөөр хэлбэл, Монголын цэрэг чадварлаг мэргэжлийн удирдлагатай болж, зохион байгуулалтын хувьд ихэд бэхэжсэн байна.

Америкийн эрдэмтэн Д.Ж.Вернадский "Монголчууд Орос орон" гэдэг зохиолдоо XIII зууны монгол арми бол тэр үеийн дэлхий дахины хамгийн шилдэг арми байсан хэмээн дүгнэн бичсэн байдаг. Энэ бол үнэн дүгнэлт мөн юм. Чингисийн цэргийн зохион байгуулалт нь хатуу чанд сахилга бат, дэг журам, эрэлхэг зориг, сайтар боловеруулсан арга төлөвлөгөө нэгдмэл үйл ажиллагаа болон байнгын сургуулилтыг үндэс болгосон юм.

Чингис хааны их Монгол улс нь төрийн байгуулалтын хувьд нүсэр хүнд түшмэдийн аппарат буе нүүдэлчдиин амьдралд зохицсон, хялбар уян хатан шинжтэй, төр улсын бүхий л механизмыг багтаасан бүтэцтэй байсан. Төрийн дээд бүх эрх Их хааны гарт төвлөрсөн байв. Чингис хаан бол засаг, засаглал, цэрэг дайн, шүүн таслах, хянан шалгах зэрэг төрийн бүх хэрэг болон аж ахуйн бүх асуудлыг шийдвэрлэх хэмжээгүй эрхтэй байжээ.

Энэ нь 1206 оны Их Монгол Улс нь дундад зууны дорнын олон улсуудын адил хэмжээгүй эрхт хаант засаглалтай улс байсан гэсэн үг. Гэхдээ Чингис төрийн дээд эрхт хаан байсан боловч дорнын олон хаадын дур зоргоор авирладаг деспот, тиран байсангүй харин ч бусдын санал бодлыг анхааран тусгаж авдаг ухаантан байсан. Тэр үеийн төрийн тухайн нийгмийн үзэл баримтлал ч, хууль тогтоомж ч их хааны бүрэн эрхийг үндэслэх ба бататгахад чиглэсэн байжээ. Их хааныг сонгох (өргөмжлөх), дайн, найрамдлын зэрэг төрийн чухал асуудлыг зөвлөлдөн шийдвэрлэх, хаанд зөвлөх шинж чанартай Их Хуралдайг байгуулсан. Энэхүү хуралдайг овгийн байгууллын үеийн үеэс эх үүсгэлтэй бөгөөд хааны дэргэд хааны санаачлага, зарилгаар хуралддаг, хэрэг дээрээ хаанд зөвлөх эрхтэй тогтмол бус язгууртны институт юм.

Хуралдайг овгийн байгууллын үеийн эетэй харьцуулбал эе нь овгийн хүн амыг нийтэд нь оролцуулсан нийтийн хурал байсан бол, хуралдай нь зөвхөн эрх баригч ноёлог бүлгийн цөөн хүнийг оролцуулдаг чуулган байв.

Хуралдай нь хэлбэрийн хувьд орчин үеийн парламенттай адилтгаж болох боловч агуулга, шинж чанарын хувьд огт өөр зүйл болно. Чингис хаан шүүн таслах хэрэгт онцгой анхаарч тэр хэргийг эрхлэх заргач хэмээх тушаал буй болгосон. Энэ нь урьд овгийн ахлагч шүүгч болдог байсныг хааны томилсон тусгай хүн гүйцэтгэдэг болсон буюу урьд олон нийтийн шинжтэй байсан шүүхийг улсын төрийн шүүх болгосон хэрэг. Чингисийн төрийн улс төрийн төв нь хааны орд өргөө юм.

Түүнийг хамгаалах, орд өргөөний аливаа хэрэглэл хангамжийг залгуулах албыг байгуулж, түүнийг эрхлэх тусгай тушаалтан черби-г томилсноос гадна сүлд туг, зэр зэвсэг, гэр хөсөг, хоол хүнс, ан авын ажлыг эрхлэх хүмүүсийг тохоожээ. Чингис хаан хууль цаазыг үл биелүүлбэл төр улс сулран мөхнө гэж үздэг байснаас хууль зарлигийг хянан хэрэгжүүлэх тушаалтанг томилсон. Улсын иргэн бүр дээд, доод гэлгүй хуулинд л захирагдана. Хуулиа дээдлэгтүн, хуулиа сахигтун гэж Чингис хаан үргэлж сургадаг байж.

Шинэ тогтсон Их Монгол улсынхаа төр, засаг захиргааны шинэчлэлийг бататган хөгжүүлэх үүднээс тийнхүү хатуу чанга хууль цаазтай байсан. монгол улсын хуулийн гол цөм, ноён нуруу нь Чингис хааны "Их засаг" хууль юм. "Их засаг" хуулийн гол үзэл баримтлал нь:

- Хааны (төрийн) эрхийг дээдлэх, хаанд (төрд) үнэнч байх,
- Хуулийг сахин биелүүлэх,
- Эзэн харъяатын ёсыг чанд сахин биелүүлэх,
- Ахмадыг хүндэтгэх, нялхасыг асрах,
- Эе эвийг сахих зэрэг асуудалд чиглэж байсан.

"Их засаг" хууль нь монголын хууль эрх зүйн орчин, үзэл ухамсар бүрэлдэн төлөвшихөд хүчтэй түлхэц өгсөн бөгөөд хууль зүйн шүтэн барилдахуйн ухаан юм. Ер нь шүтэн барилдахуй буюу эв нэгдэл бол Монголчуудын оршин амьдрахын үндэс болсоор ирсэн. Хойшид ч тиим л байна. "Их Засаг" хуулинд "Эв эе" гэж оруулсны учир тиим бөлгөө. Шүтэн барилдахуй гэдэг нь монголчууд зөвхөн дотооддоо эв нэгдлийг хичээх биш, бусад улс орон ард түмэнтэй зөв зохицон амьдрахыг бас хэлнэ.

Монголчууд эртнээс байгаль, цаг агаар, нутаг бэлчээр, бие сэтгэхүйгээ сайн мэдэж, тэр бүгдийг цөмийг шүтэн барилдуулж, ажил үйлсээ зөв зохион байгуулж иржээ. Тиймдээ ч өнөөг хүртэл Монгол Улс оршин тогтнож, Монголоо монголоор нь хадгалж, Их Монгол Улсынхаа хүйс, гал голомтыг монголчууд та бид эзэгнэн ирсэн түүхтэй. Энэ бол бас л эзэн Чингисийн монгол хүн бүрийн зүрхэнд мөнхрөн шингэсэн агуу нэр хүнд, алдар гавъяатай шууд холбоотой юм.

Чингис бол цэргийн гарамгай жанжин, агуу их дипломатч, дэлхий хүрээ хэмжээний төрийн том зүтгэлтэн.

Чингис хаан улс гэрээ төвхнүүлмэгц гадаад бодлогодоо гол анхаарлаа төвлөрүүлсэн юм. Yүнийг гадаад дотоодын түүхнээ "Чингисийн байлдан дагуулал" хэмээн томъёолсон байдаг. Чингисийн байлдан дагуулал үүсэх болсон жинхэнэ шалтгаан, үр дагавар зэргийг өнөө хүртэл янз бүрээр тайлбарлаж ирсэн. Чингисийн байлдан дагууллын учир шалтгааныг тайлбарласан байдлыг хураангуйлбал: Малын бэлчээрийн төлөө, дотоодын зөрчилийг номхруулах, бусдын газар орныг булаан дээрэмдэх гэх мэт шалтагийг дурьдаад, ерөнхийдөө тухайн үеийн монголчуудын аж ахуй ба нийгмийн байгууллын онцлогоос болж дайн үүсдэг байсан гэж үздэг. Гэвч монголчууд зөвхөн малын бэлчээрийн төлөө суурьшмал оронд дайлаар мордсон гэхэд дэндүү хэтрүүлэг болох биз. Тухайн үед дотоодын зөрчил тэмцэл ямар нэг хэмжээгээр байсан боловч хэмжээ хязгааргүй хурцадсан гэсэн түүхэн баримт бараг байдаггүй.

Эзлэн түрэмгийлэх бодлого тодорхой хэмжээнд байсан боловч дан ганц энэ зорилгоор дайн хийсэн гэдэг нь ихээхэн учир дутагдалтай. Иймд байлдан дагууллын гол учир шалтгааныг бүрэн дүүрэн хэмжээнд тайлбарлахын тулд тэр үеийн монголчуудын аж ахуй, нийгмийн онцлог, түүхэн уламжлалыг сайтар харгалзан үзэх нь үнэнд илүү ойртоно. Монголын аж ахуй нүүдлиин мал аж ахуйд тулгуурладаг тул газар тариалангийн орны бүтээгдэхүүн нүүдэлчдийн амьдрал ахуйд багагүй шаардагддаг байсан. Иймээс Евразийн тал газрын нүүдэлчид газар тариалангийн аж ахуйтай худалдаа хийхийг илүү эрхэмлэдэг байв. Суурьшмал орныхон энэ тэр шалтгаанаар нүүдэлчидтэй худалдаа хийхээ хязгаарлах буюу тасалдуулахад нүүдэлчид худалдаа хийх эрхээ зэр зэвсгийн аргаар хамгаалах нь цөөнгүй байсан. Монгол нутагт өрхөө засаж ирсэн Хүннүгээс эхлээд Монголчууд хүртэлх бүхий л нүүдэлчид өмнөд хөрштэйгөө ийм маягаар харилцаж ирсэн билээ. Гэхдээ энэ нь Чингисийн байлдан дагууллын шалтгааны нэг л тал юм. Монголчуудын хувьд өмнөд зүрчидийн Алтан улс нь тэдний өвөг дээдсийг алан хядсан, үргэлж тэдгээрииг өөрийнхөө эрхшээлд олон янзын арга хүчээр оруулахыг хүсдэг эртний өст улс байсан. Түүнчлэн Алтан улс, Тангадын Си ся улс нь нүүдлиин олон аймгийг хязгаарлахын тулд тэдгээрииг хооронд нь үргэлж яс хаян эвдрэлцүүлж, нүүдэлчдийн тусгаар тогтнолд байнгын аюул занал учруулдаг байсан.

Иймд Чингис хааны өмнө зүгт хийсэн байлдан дагууллын шалтгааны гол нь эхэн үедээ шинэ тусгаар тогтсон тулгар төрийнхөө тусгаар тогтнолоо баталгаажуулахын төлөө хийсэн дайн байсан юм гэж хэлэх бүрэн үндэстэй. Гэхдээ аливаа байлдан дагууллын хөлд энгийн ард иргэдийн амь нас эрсдэж, хохирол сүйтгэл гарах нь гарцаагүй билээ. Чингисийн байлдан дагуулал тиим л байсныг үгүйсгэх аргагүй. Чингис хааны төрсен, тэнгэрт хальсан газар болоод он цагийн асуудлаар товч дурдъя, өнөөдөр түүхийн шинжлэх ухаанд Чингис хааны төрсөн он, сар, өдөр, төрсөн газар хийгээд их хааны тэнгэрт хальсан газар, хугацааг эцэслэн тодорхойлж хараахан чадаагүй байна.

Гэхдээ энэ нь дээр дурдсан Чингис хааны намтрын тодорхой он цаг, газар орны тухай түүхчид одоо болтол судалгаа хийгээгүй гэсэн үг мэдээж биш юм. Судлаачид нэлээд эртнээс эхлэн өдгөө болтол Чингис хааны намтрыг шинжлэн судалж, их хааны нийгэм, улс төр, цэргийн үйл ажиллагаа зэрэг олон зүйлийг тодруулсаар байна.

Мэн хааны төрсөн он, сар, өдөр болон тэнгэрт хальсан газар орны талаар ч бас нэлээд судалгаа хийжээ. Гэвч Чингис хааны төрсөн, нас нөгцсөн газар, цаг хугацааны талаар түүхчдийн санал хараахан жигдэрч чадаагүй, маргаантай байна. Тийнхүү Чингис хааны намтрын чухал чухал он цагийн асуудал нэг мөр болж чадаагүй байгаа нь түүний болон түүнтэй холбоотой зарим түүхт явдлын ойг тэмдэглэх гэх мэт үйл ажиллагаанд бэрхшээл учруулж байгаа билээ.

Иймд монголын болоод дэлхий дахины түүхэнд гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн энэ их хүний ойг тэмдэглэх гэх мэт албан ёсны аливаа үйл ажиллагаанд түр болсон ч баримталж байх тойм он цагийг тогтоохыг хичээх нь зүйтэй санагдана. Тэгэхдээ үүнийг мэдээж их хааны төрсөн, нас барсан он цаг, газар орны тухай голлох судлаачдын баримталдаг саналуудад үндэслэх нь зайлшгүй юм.

Бид энэ илтгэлд Чингис хааны төрсөн, тэнгэрт хальсан он цаг, газар орны тухай голлох судлаачдын саналыг танилцуулна. Чингээд цаашид Их хааны төрсөн, нас барсан өдрийн тухай чухам аль саналыг нь түр боловч баримталж болох талаар та бүхэн саналаа илэрхийлнэ хэмээн найдаж байна.

1. Чингис хааны төрсөн он, сар, өдрийн тухай: Их хааны төрсөн оны тухай сурвалж бичигт үндсэн хоёр янзын цаг хугацааг тэмдэглэжээ. Yүнд: Монгол сурвалж бичгүүдэд III жарны усан (хар) морин жил Чингис хаан төрсөн гэж бараг нэгэн дуугаар өгүүлдэг. Мөн "Юань улсын судар"-т Тэмүжин морин жил төрсөн гэж дээрхитэй адил тэмдэглэсэн бий.

Ихэнх судлаачид Монгол сурвалж бичгүүдийн усан морин жил Тэмүжин төрсөн гэх мэдээг баримтлан, 1162 онд Чингис хаан төрсөн гэж үзсээр иржээ. Хятадын сурвалжиин заалт ч дээрхитэй адил байгаа нь энэ он цагийг нэлээд үнэмшилтэй болгож байгаа юм.

Харин "Судрын чуулан" зэрэг перс бичгүүдэд бол, Тэмүжинийг 1155 онд төрсөн гэж арай өөрөөр ы өгүүлдгийг та бүхэн мэднэ. Чингис хаан 1155 онд төрсөн гэх перс сурвалжиин мэдээг судлаачид төдии л ойшоож баримтлах нь бага юм. Харин Чингис хааны төрсөн сар, өдрийн тухай зөвхөн Монгол сурвалжуудад хоёр янзын мэдээ тэмдэглэгджээ. Тэдгээрээс хамгийн түрүүнд "Алтантовч"-д Чингис хаан хар морин жилийн зуны тэргүүн сарын 16-ны өдөр дүл (дунд) төрсөн гэжээ.

Хожим зохиогдсон "Асрагч нэртийн түүх", "Болор эрихэ" зохиолуудад "Лу Алтан товч"-ийн мэдээг дагасан байна. Ш.Чоймаа нарын судлаачид "Монголын нууц товчоо" зэрэг сурвалжийн мэдээг үндэслэн зуны эхэн сарын арван зургааныг монголчууд эртнээс сайн өдөр хэмээн бэлэгшээж, баяр хурим хийдэг байсан. "Алтан товч"-ийг зохиогч Лувсанданзан, "Асрагч нэртийн түүх"-ийг зохиогч Жамба нар Богд Чингис хааны мэндэлсэн өдөр цаг нь тун ер бусын мөч байх ёстой гэж бодон, эрт цагаас уламжилсан билэгт сайн өдөр болох зуны тэргүүн сарын арван зургааны улаан тэргэл өдөр Чингис хаан мэндэлсэн байх хэмээсэн бодлын үүднээс бичсэн бололтой гэж дүгнэжээ.

Харин "Хөх түүх", "Болор толь", "Сувдан эрихэ", "Эрдэнийн эрихэ" гэх мэт монгол сурвалжууд, Чингис хаан хар морин жилийн өвлийн эхэн сарын (шинийн нэгэнд төрсөн гэж дээр дурдсанаас өөрөөр өгүүлсэн байна.)

Чингис хааны төрсен сар, өдрийн тухай монгол сурвалж бичгүүдийн заалтууд ийнхүү зөрөөтэй байна. Иймд энэ хоёр зүйл мэдээний аль нь үнэн байдалд илүү ойр болохыг тогтоохыг тулд цаашид нэмэгдэл эх сурвалжуудыг илрүүлэн олж, судалгааны эргэлтэд оруулж байж уг асуудлыг нэг тийш болгон шийдэх шаардлага тулгарч байна.

2. Чингис хааны төрсен газрын тухай: Чингис хааны төрсен газрын тухай судлаачдын санал дүгнэлтийг шүүж үзвэл үндсэн гурван зүйл санал байна.

Нэгдүгээрт: Оросын эрдэмтэн Г.Юренский, С.В.Киселев нар ОХУ-ын Чита мужийн нутагт Онон голын доод урсгалд Делюн (Дэлүүн) Болдог хэмээх газар байгааг олж түүнийг Чингис хааны төрсөн газар мөн байж болох юм гэсэн саналыг дэвшүүлжээ. Гэвч энэ саналыг монголын түүхчид төдий л ойшоож үзэхгүй өдий хүрсэн байна.

Хоёрдугаарт: Монгол улсын судар бичгийн хүрээлэнгийн анхны захирал О.Жамъяан абугай 1928 онд Онон голын дагуу явж, Чингисхааны төрсөн газрыг сурвалжлан, одоогийн Монгол улсын Хэнтий аймгийн Дадал сумын нутагт Онон, Балж хоёр голын бэлчирийн ойр Дэлүүн Болдог хэмээх газар буйг олж тогтоосон байна. Монголын эрдэмтэн Х.Пэрлээ, Ц.Доржсүрэн нар судалгаа хийж, О.Жамъян гуайн олж тогтоосон тэр газар нь Чингис хааны төрсөн Дэлүүн болдог мөн гэж үзсэн байна.

Х.Пэрлээ тэр тухай бичсэн нь: "Дэлүүн Болдогийн тухай олон домог, таамнал бий боловч цөм ташаарсан байна. Ёстой Дэлүүн Болдог Онон, Балж хоёр голын боомд хуучин нэрээрээ хадгалагдсаар байна. Энэ газар Гурван нуурын рашаан амралтын дэргэд бий" гэжээ. Ихэнх судлаачид Хэнтий аймгийн Дадал сумын нутагт буй тэр газрыг Чингис хааны төрсен Дэлүүн Болдог мөн хэмээн үздэг байна. Тэгээд ч 1962 онд тэнд Чингис хааны хөшөөг босгожээ. Энэ газар нь Чингис хаан ба түүний өвөг дээдэс, үр хойчсын үндсэн нутаг байсан бөгөөд Чингис хааны үеийн олон түүхэн үйл явдал энд болсныг судлаачид тогтоосон билээ. Гуравдугаарт: Сүүлийн үед газар зүйч Д.Базаргүр, багш Ж.Бадамдаш нар Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт Хурх голын савд буй Ламын ухаа гэдэг газрыг Чингис хааны төрсөн Дэлүүн Болдог мөн байж болно гэж үзэж байна. "Монголын Нууц Товчоо"-нд Чингис хааны төрсөн газрын тухай тодорхой өгүүлсэн байна.

Тэнд "Tende Ogelun ujin kegelitei burun, Onun-u deligun boldoy-a bukui-dur jub tende Chinggis qayan turjukui" гэжээ. Энд Чингис хааны Ононы Дэлүүн Болдог хэмээх газар төрсөн гэдгийг тов тодорхой өгүүлсэн байна. Гэтэл Биндэр сумын нутаг Хурх голын ойр тойронд тийм нэртэй газар одоо болтол илэрч олдоогүй.

3. Чингис хааны тэнгэрт хальсан газар, он цагийн тухай: Их хаан чухам хаанахын ямар нэртэй газар нас барсан тухай сурвалж бичгүүдийн мэдээ заалтууд үндсэндээ хоёр хэсэгт хуваагдаж байна. Монгол сурвалж бичгүүдэд өгүүлснээр бол, Чингис хаан Тангуд улсыг байлдаж яваад 1227 оны улаагчин гахай жилийн 8-р сарын 16-ны хар морин өдөр 66 сүүдэртэйдээ Тангудын Түрэмгий балгас хэмээх газар нас нөгцсөн гэнэ. Түрэмгий балгас гэдэг нь угтаа Линь Чжоу хэмээх нэртэй газар байжээ. Тангудыг байлдсан монгол цэргийн довтолгооныг энэ хотынхон маш хүчтэй эсэргүүцсэн учир тэр хотыг монголчууд Түрэмгий балгас хэмээн нэрлэсэн гэнэ. Линь Чжоу хэмээх хот тийнхүү тэр үеэс монгол бичиг зохиолд Түрэмгий балгас гэгдэх болжээ.

Уг хотыг монгол цэргүүд 1226 оны 12-р сард эзлэн авсан билээ.

Б.Сайшаал, Ш.Нацагдорж нарын Чингис хааны намтрыг тусгайлан судалсан голлох түүхчид Чингис хаан Түрэмгий балгас нэрт газарт 1227 оны 8 сарын 16-нд нас барсан гэсэн монгол сурвалж бичгийн мэдээг ихээхэн үнэлэн үзэж, өөрсдийн зохиолдоо үндсэн тулгуур болгон ашигласан байна. өөрөөр хэлбэл, ихэнх гол түүхчид Чингис хаан 1227 оны 8 сард Түрэмгий балгасанд тэнгэрт хальсан хэмээн үзсээр байна. Тэрхүү Түрэмгий балгас гэдэг нь одоогийн БНХАУ-ын Ганьсу мужийн зүүн захын Шанси мужийн залгаанд буй Чинь Суй Сян (сум)-ны Ши Жи Янь хэмээх газар юм байна.

Чингис хааны тэнгэрт хальсан газар, он цагийн тухай "Юань улсын судар" зэрэг хятад сурвалжид дээрхээс арай өөр мэдээ байдаг. Тэнд Чингис хаан Саир хээрийн Харилт нуурын ордонд халив гэжээ. Саир хээрийн ордон бол Монгол газар байсан тул дээрх мэдээгээр бол, Чингис хаан Монгол нутагт, тухайлбал Хэрлэн голын сав газарт Баян-Улаан уулын ард тэнгэрт хальсан болж байна. Гэтэл Чингис хаан Тангудыг байлдаж яваад нас барсан гэдэг нь тодорхой билээ. Тиймээс Чингис хаан Саир хээрийн ордонд хальсан гэдэг дээрх мэдээг судлаачид төдий л ойшоодоггүй байна.

Харин "Судрын суулган"-д Чингис хаан 1227 оны 9-р сарын 14-нд нас барсан хэмээсэн боловч газар орныг нь тодорхой дурьдсангүй.

Чингис хааны төрсөн, тэнгэр болсон газар орон, он цагийн тухай товч өгүүлэхэд ийм байна. Одоо бидэнд мэдэгдээд байгаа сурвалж бичгийн мэдээ заалтууд нь хоорондоо зөрөөтэй байгаа нь Чингис хааны төрсөн, нас барсан он цагийг хөдөлбөргүй тогтоох бололцоог судалаачдад олгохгүй байна. Цаашид их хааныхаа төрсен хийгээд нас нөгцсөн газар, он цагийн талаар дорвитои судалгаа хийж, уг асуудалтаи холбогдох шинэ шинэ мэдээ хэрэглэгдэхүүнийг илрүүлэн олж, судалгааны гүйлгээнд нэмэн оруулж өгөх нь нэн чухал байна. Ингэж чадвал бид их хааныхаа төрсөн, нас нөгцсөн он цаг, газар орныг тодруулан тогтоож чадна.

Эцэст нь "Чингис хааны авъяас чадвар нь хэчнээн суут боловч, Чингис бол өөрийн үеийн хүү, өөрийн ард түмний хүү байсан юм" гэсэн монголч эрдэмтэн Б.Я.Владимирцовын үгээр өндөрлөе.

Алд бие мину
Алжааваас алжаатугай
Аху төр мину бүү алдартугай.


Академич Ч. ДАЛАЙ

0 comments:

Post a Comment