Pages

Thursday, July 22, 2010

Блогийн талаар

Интернэтийн хязгааргүй орон зайд нэвтэрч, өөрийн ертөнцийг бусадтай хуваалцах боломж бол блог юм. Энэхүү боломжийг ашиглан та өөрийн үзэл бодол, авъяас, фото зураг, видео файл гээд хүссэн бүхнээ дэлхийн өнцөг булан бүрт суугаа хэн бүхэнтэй хуваалцаж, шүүмжлэл сонсож бас бичиж болно.



Блогийн төрөл:
Хүмүүс блогийг олон төрлөөр үүсгэж ашигладаг. Блогийг үүсгэхдээ ингэж төрөлжүүлэх нь уншигчдад улам сонирхолтой байх талтай байдаг. Жишээ нь:
-Та фото зураг сонирхогч бол өөрийн зургуудаар онлайн фото сэтгүүл үүсгэж болно. Ингэвэл энэ нь фото блогийн төрөлд хамаарагдана.
-Та хэрвээ видео сонирхогч бол өөрийн авсан бичлэгүүд болон бусад сайтуудад байгаа сонирхолтой видео бичлэгүүдээр блог үүсгэж болно. Энэ нь видео блогийн төрөлд хамаарагдана.
-Мөн дээр дурдсан текст, зураг, холбоос, видео бичлэг, аудио бичлэгийг хослуулан үүсгэж ч болдог.
- Блогийн агуулга бас чухал. Блогоо агуулга, сэдвээр төрөлжүүлэх нь уншигчдын сонирхлыг татах нэг нөхцөл болдог. Жишээ нь:
-Та хоол хийх дуртай бол олон төрлийн хоолны жороор дагнасан блог үүсгэж болно.
-Та улс төр сонирхдог, улс төрийн үйл явдлыг байнга дүгнэн шинжилдэг бол улс төрөөр дагнасан блог үүсгэж болно.
-Бас өөрийн ажил мэргэжлийн холбогдолтой блог үүсгэх нь ч сонирхолтой.
Таг гэж юу вэ?
Блогийн хуудсанд “Тагууд” (Tags) гэсэн хүснэгт байна. Энэ нь таны бичлэг юун тухай өгүүлэх гэж байгааг ганц хоёр үгээр тайлбарлана гэсэн үг. Гарчиг гэх юм уу даа. Бас шошго ч гэж нэрлэдэг. Блогт маш олон блог, бичлэгүүд байрлах бөгөөд энэ таг буюу гарчгийн тусламжтайгаар өөрийн сонирхсон мэдээллийг хялбархан хайж олох боломжтой. Та блогоо олон хүнд хүргэе гэвэл таг-аа маш оновчтой цөөн түлхүүр үгээр оруулах хэрэгтэй. Tag clouds (гарчиган үүл, шошгон үүл) нь нүүр хуудсан дээр тодотгосон байдаг.
Өөрөө өөртөө вэб мастер
Нэгэнт та блог үүсгэчихсэн, түүнийгээ байнга хөтлөн явуулж байхаар сэтгэл шулуудсан бол таны блогийн дизайн ямар байх, түүнийг хэрхэн эзэмших талаар товч танилцуулъя.
- Юун түрүүнд, хэрвээ та сонирхолтой мэдээ материал нийтлүүлээд байвал тухайн блогийг хэн хөтлөн явуулж байгааг уншигчид чинь сонирхох нь лавтай. Тэгэхээр блогийнхоо нүүр хуудсанд өөрийнхөө болон хамтран блог эзэмшигчийнхээ танилцуулгыг тавих боломжтой.
- Блогийг бусдаас ялгах гол зүйл бол мэдээж блогийн дизайн. Та блогийн үйлчилгээнд санал болгож буй бэлэн загваруудаас сонгож болно. Хүсвэл цоо шинэ загварыг өөрөө бий болгож болно. Явцын дунд ч дизайнаа солих, өөрчлөх боломжтой.
- Та блогийнхоо загварын тохиргоог виджетийн тусламжтайгаар хүссэнээрээ өөрчилж болно. Дуртай вэбүүдийн жагсаалт, бичлэгийнхээ төрөл, архив, өөрийн танилцуулга гэх мэтээр. Мөн таны блогт хэдэн хүн хандсан, яг одоо хэдэн хүн байна гэх зэрэг статистик үзүүлэлтийг байрлуулж болно.
- Блогтоо фото файл байрлуулах боломжтой. Үүнийг хийхийн тулд зураг оруулах гэсэн хэсэгт нэвтрэх шаардлагатай. Ингээд хүссэн зургаа блогтоо байрлуулах боломжтой.
- Бичлэгтээ сэтгэгдэл авах эсэхээ тохируулж болно. Үүний тулд сэтгэгдлийн тохиргооны хэсгийг ашиглаарай. Хэн нэгний бичсэн сэтгэгдэл таалагдахгүй байвал түүнийг устгаж болно.
-Вэб сайтаа найз нөхөдтэйгээ, шинэхэн танилтайгаа хамтран эзэмшиж болно. Магадгүй өдөр бүхэн блогийнхоо мэдээллийг шинэчлээд байх боломж олдохгүй байвал өөрийг тань орлох, мэдээллийн санг тань нэмэгдүүлж байх хэн нэгнийг урьж болох юм. Үүний тулд гишүүд гэсэн хэсэгт нэвтэрч, шинэ гишүүн урих гэсэн хэсэгт нэвтрээрэй.

 эх сурвалж: tseg.mn

0 comments:

Post a Comment