Кени Улсад судалгааны ажил хийж буй эрдэмтэд Ноmо Sapiens -ийн гол нууцыг тайлж чаджээ. Австралопитөкчүүдийн уураг тархины хөгжил болон "босоо явагч" хүнд онцгой нөлөө үзүүлсэн гол хүчин зүйл нь ер бусын хоолны дэглэм байж. Бидний өвөг дээдсийн оюун ухааны чадвар, биеийн байдал дээрдэж, хөгжихөд загас, яст мэлхий, матар зэрэг амьтдын мах онцгой нөлөө үзүүлсэн гэнэ.
АНУ-ын Жорж Вашингтоны нэрэмжит их сургуулийн эрдэмтэд эртний хүмүүсийн хөдөлмөрийн багаж, зэвсэг хийх чадвар болон хооллолтын хоорондох ухамсрын холбоог эртнээс судалжээ. Австралопитөкчүүд болон "босоо явагч" (Ноmо erectus) -ийн хоолны цэсний онцлог эрдэмтдийн хувьд оньсого хэвээр байв. Эрдэмтдийн зарим нь эртний хүмүүсийг ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэж байсан гэж үзэж байсан бол зарим нь зөвхөн махаар хооллодог байсан гэдэгт итгэлтэй байж. Эцэст нь эрдэмтэд асуултын хариултыг олоход ойртсон бөгөөд хүний уураг тархи чухам юуны ачаар хувьсал хөгжлийн өндөрлөгт хүрснийг тодорхойлж чаджээ.
Олон улсын археологичдын багийнхан Кенийн хойд зүгийн Кооби-Фора хэмээх газрын ойролцоох Турканы нуурын эрэг хавиас эртний хүний гол хэрэглээ байсан байж болзошгүй зүйлсийн олдворуудыг шинжилсний дүнд дээрх тодорхойлолтыг гаргасан аж. Яст мэлхий, матар, загасны чулуужсан олдворууд эртний хүний хоолны цэсний цөм болж байсан гэдэг дүгнэлтэд эрдэмтэд хүрсэн байна. Түүнчлэн эндээс газар уснаа явагчид болон загас барихад ашиглаж байсан болов уу гэмээр төрөл бүрийн чулуун зэвсэг олдсон аж. Эдгээр олдворын насыг мэргэжилтнүүд 1.65 сая жил хэмээн тодорхойлжээ, Олдворууд галт уулын үнс болон газар зүйн байрлал, өвөрмөц тогтцын ачаар сайтар "лаазлагдан" хадгалагдсан байж.
Тиймдээ ч шинжилгээ хийхэд таатай хариу үзүүлсэн байна. Археологичид илрүүлсэн мянга гаруй ясаа цуглуулан дүрсжүүлснээр арав гаруй амьтныг босгож чадсан байна. Тэр ч атугай зарим ясны махыг хүмүүс хэрчиж хэрэглэж байсан нь ч тодорч. Мөн бусад ясыг алх, чулуун хутгаар цохиж хэрэглэж байсан нь илэрчээ. "Аминдэмийн эх үүсвэр болсон уураг, тосны хүчил зэргийг их хэмжээгээр агуулдаг газар уснаа явагч амьтдын баялаг хоол хүнс хүний уураг, тархины хөгжилд чухал хүчин зүйл болсон нь тодорхой" гэж доктор Брайн Ричмонд онцолжээ.
Босоо явагч хүний өмнөх үе намхан нуруутай, жижиг биетэй байсан тул арслан мэтийн аюултай, аймшигт араатны эсрэг тулалдах юм уу том амьтдыг агнахад хүчин мөхөстөж байсан тул гол, нуураас ан хийж, хоол хүнсээ залгуулах шаардлагатай байсан гэж эрдэмтэд таамаглажээ. Тиймээс хүй нэгдлийн хүмүүсийн хөгжилд голын амьтдаар хооллох нь онцгой ач холбогдол өгсөн гэнэ. Тэд далайн амьтдаар хооллох болсноор үхлийн аюултай холбоогүй амьтны уургийн эх үүсвэртэй болсон. Хоёрдугаарт, энэ төрлийн хоол тэжээл мэдрэлийн системийг дээд зэргээр хөгжүүлж эхэлсэн аж.
www.dandaa.mn
0 comments:
Post a Comment