УИХ-ын гишүүн Д.Очирбатыг зочноор урилаа. Бид "дагнаж" цагаан сарын тухай хөөрөлдөв.
-Сая тань руу ярихад тойргийнхоо хамгийн өндөр настны цагаан сарын бэлтгэлийг базаахаар гарлаа гэж байсан. Хэдэн настай буурай вэ. Та яг юуг нь бэлдэж өгөв?
-108 настай Догсом гуайд Ерөнхийлөгч жил бүрийн сар шинээр очиж золгодог, яагаав байр өгсөн шүү дээ. Манай тойргийнх юм. Би одоо 101 настай, XIX хорооны иргэн П.Маналжав гуайнд очих гэж байна. Цагаан сарын нь ууц, тавгийн идээг нь авч өгч хүндэтгэл үзүүлээд шинийн 1-нд золгоно доо. Хороо бүрээс 15 өндөр настан, нийтдээ 300 гаруй буурайд хүндэтгэл үзүүлдэг.-Юу бэлэглэдгийг тань сонирхож болох уу?
-Цаг тооны бичиг, хадаг, энэтхэг тамхи бэлэглэнэ.-Өөрөө цагаан сараа хэрхэн тэмдэглэдэг вэ. Хэр олон айлын бэлтгэл хангадаг бол...
-Аав, ээж маань нэг их өндөр настай биш. Харин эмээ 94 настай. Айлын том хүүгийн үүрэг болохоор цагаан сарын бууз, тавгийн идээг нь авч өгдөг. Бууз, банш хийхэд нь заавал оролцдог. Шинийн 1-ний өглөө нар мандах үеэр манай ах дүүс, хамаатан садангууд аавынд шинэлдэг. Өөрийн гэртээ бол сүртэй тэмдэглэдэггүй. Найз нарынхаа хүрээнд бууз, баншаа идэж, бэлэг дэмбэрэлтэй сайхан үгээ хэлээд ёсолдог. Орох айл нэлээд бий.-Бууз, баншаа хийхэд яаж оролцдог вэ. Хуруу, хошуу хоёрын алийг нь нэмэрлэдэг вэ?
-Гурил элдэх, мах татахдаа муу. Харин амтлахдаа "тасархай" шүү. Миний амталсан бууз, баншинд манайхан их дуртай. Бас аавынд очиж буузыг нь амтална.-Хэр зардал гаргадаг вэ. Цагаан сарын хэд хоногт манай эдийн засаг ихэд идэвхжидэг.
-Хэдий хэр зардал гаргадгийг эхнэр л мэдэх байх. Цалингаа аваачаад л өгчихдөг. Эрээнээс бэлэг зөөх нь татарсан юм биш үү. Хямралтай ч холбоотой байх. Хүмүүс ч үндэснийхээ үйлдвэрийн бүтээгдэхүүнийг их авдаг болсон юм шиг байна. Уламжлал ёсоор ахмад настнуудынхаа гарыг цайлгах учиртай.-Та аав, ээж, эмээдээ ямар бэлэг өгөх гэж байна?
-Эмээдээ "Говь"-ийн ноолууран оймс, аав, ээждээ ноолууран цамц бэлэглэнэ. "Гоёо"-гоос авахгүй бол гомдчих байх аа. Ноолууран барааны үнэ 30-50 хүртэл хувь хямдарсан боломжийг ашиглана. Бэлэг авахад нэг их зардал гаргахгүй ээ. Хүүхдүүдэд бэлэг өгөхгүй бол болохгүй. Гар утасны нэгж дугтуйд хийгээд бэлэглэвэл зүгээр юм билээ.Би шинэ жилээр Польшид байсан. Тэнд дэлгүүрээс худалдаж авсан үнийн дүнгийн баримтаа бэлэг өгч байгаа хүндээ хавсаргаад өгчихдөг юм байна. Тэр бэлэг нь таалагдвал цаад хүн өөртөө аваад таалагдаагүй бол дэлгүүрт очоод бэлгээ өгөөд мөнгийг нь авчихдаг юм билээ. Энэ их соёлтой зөв арга байгаа биз. Гэтэл манайхан зарагдсан барааг буцаахгүй гээд байдаг шүү дээ.
0 comments:
Post a Comment