Өмссөн хувцаснаасаа өөр хөрөнгөгүй, үс гэзгээсээ өөр гоёлгүй бүсгүй гудамжаар алхана. Түүний араас толгой дүүрэн бодол чихсэн баян тансаг амьдрал, гоо сайхан эхнэр мөрөөдөх нэг залуу алхах... Тэгээд тэд учрана. Нэг газар орно. Хоол авна, ганц хоёр шар айраг бас хэдэн ширхэг янжуур. Залууд бүсгүй таалагдав. Сайхан бие, алаг нүд, нууцлагдмал дээгүүр харц өөрт зохисон ихэмсэг зан...бүгд залуугийн мөрөөдлийн бүсгүйн шинж.
Түүний ягаахан уруул, нарийн бэлхүүсийг залуу эзэмдэж түүнийг өөрийнх болгохыг хүснэ. Бас горьдоно. Харин бүсгүй үл мэдэг инээмсэглэл уруулдаа тодруулчихаад өөр хэн нэгнийг хайх шиг өрөөгөөр нүдээ төөрүүлэн эргэлдүүлнэ. Бүсгүйд ч бас залуу муухангүй санагдана. Гэвч нэг л юм дутуу санаанд нь нийцэхгүй байгааг тэр бүсгүй, зохиогч миний бие хоёр л мэднэ. Ийн байтал тэдний ширээн дээр зөөгч тооцоо авчрав. Залуугийн царай үл мэдэг улайж, өмдний арын халааснаас түрийвчээ гарган өчигдрийн хөлсөө дуслуулан байж олсон хэдэн төгрөгөө хэзээний баян эр шиг ширээ чулуудан шидэж орхив. Үнэндээ дотор нь хэлэхийн аргагүй бачуурч байлаа. Ээждээ бариад очих сүү талхны мөнгө, дүү нарынх нь дуртай амттангууд гээд энэ бүгдийг авч болом түүнээс илүү ч гарам мөнгө байсан хэдий ч ихэмсэг бүсгүйн өмнө намба алдахгүйн тулд нэрээ бодон зүгээр л чулуудан орхисон нь энэ. Залуу өөрт байгаагүй, өөрт нь байх ч үгүй тийм дээгүүр, сураагүй зан гаргасандаа толгой гудайн бүсгүй рүү эгцэлж чадахгүй элдвийг эргүүлэн нүдээрээ дальдчиж байлаа. Харин түрүүний омголон, ихэмсэг, нууцлагдмал ааш занг өөртөө шингээсэн гоо бүсгүйн тэнүүчилж байсан харц аль хэдийн өнөөх залууг олзлон нүдэндээ багтаажээ. Түүний нүд гайхаж басамжилсан бус харинч залууг "чи минийх болсон" гэсэн шунал, бас үнэнийг багтааж байв. Энэ харцыг анзаарсан залуугийн сая л нэг дотор уужирч, өөрийн хүссэн бүсгүйгээ дагуулаад явах эрхтэй боллоо...Хэд хоногийн дараа. Гудамжаар өмссөн хувцас, үс гэзгээсээ өөр гоёлгүй гоо сайхан бүсгүй алхана. Харин түүний араас үгээгүй хоосон ноорхой хувцастай гуйлгачин бэдэрсээр...
0 comments:
Post a Comment