Зохиогч Р.Чойном
Нэрийг минь хайрласан хүн-аавНэгэн биеийг минь заяасан хүн-аав
Нээгдэж амжаагүй өргөсөн цэцгийг орхиод
Нэн эрт явчихсан хүн-миний аав
Цанид номын таринын үсгээр
Цаст Гимилайг давуулан авчирсан
Хэн бүхэнд байдаггүй нэрийг баруун чихэнд минь
Хэ.Цэрэнсодном багш Гэлэгрэнцэн аав
Хэлж өгсөн юм, «Чойном» гэж.
(Санавал аав минь тэр зүгийн номонд
Саяхны оюутнаас арай дээр байсан байлгүй)
Сар жилүүд тэр үеэс хойш улирсаар
Сахал ургаж би гучин намрыг үджээ
Эргэж бодоход миний бага нас
Эрээн бараан болоод уйтгар гуниг ихтэй
Эрчилгүй нүүдлийн зэрэглээт зам дээр
Эрт өнчирч, орой бойжсон байна
Аав минь, хөөрхий аав минь
Амьдрал хэмээх сархдын
Алтанхан аягыг та
Арай эрт хөмөрч дээ
Эрт намайг орхиж
Ээжийг, дүү нарыг орхиж
Эдүгээ би орхисон настай чинь чацуу болоод
Энэ заримдаг шүлгийг хэлж сууна.
Алаг үрийн сэтгэл өвөрлөсөн болохоор
Аавдаа би эгэлгүй хайртай билээ
Анх үзсэн ертөнц минь гучин хэдэн он болохоор
Аав бидэн хоёр нэгэн гэрт багтсан үгүй
Эрхэлж суусан чулуун тоглоом дээрээс минь
Эцэг бид хоёр хоёр тийшээ явсан юм
Эргэж тэр хүн харсангүй, би ч харсангүй
Эргэж сүүлд нь харахад тэр хүн алга байлаа
Өмнөх үедээ би
Өртэй ч төрсөн юм уу
Сэлгэж үлдэх үеийнхэндээ аав минь
Сэтгэл дундуур байсан ч юм уу
Нарийн ширийн юмыг нь би ч залхуугүй сүйтгэж
Намайг эцэг минь ч ялгахгүй шийтгэж
Эцсийн эцэст цэрэг суран бүсний
Эр цунгийн зузаан хавдрууд үлдээгээд
Энэ биеийн минь долоохон насан дунд
Ээж дүү нарыг минь улаахан гачаал дунд
Эх орны дэлхийн дайны сүүдэр дунд
Гучин долоохон насандаа орхисон!
Тэр хүнийг байхад ач гавьяаг нь мэдсэнгүй
Тээршааж бараг ад үзэхэд бэлэн байсан
Тэнэг дуулгаваргүй балчир нас минь
Аавыг амьсгаа хураасан 1943 оны гантай намар
Алс өрнө зүгт Курскийн их тулалдаанд
Ажилчин тариачны хүүхэд
Аричуудын ган болд хоёрт хутгалдаж
Азай буурал Европ нойр хоолгүй чичирч байхад
Арай эртдэж хугацаа дууссан юм,
Адайр тэнэгхэн балчир нас минь.
Тэр хүнийг явчихаар ач гавьяагийн нь
Би ч ойлгосон юм,
Бишид нь ч ойлгосон юм.
«Тэнэгүүд амьд үлдэж
Цэцнүүд нь явчихаж дээ» гэж
Амьдад нь оролдож муулж явсан хүн
Алгаараа нүдээ арчсан гэдэг
Алган дээр нь
Арвайн үрэл чинээ доголон нулимс
Байсан ч юм уу
Байгаагүй ч юм уу, бүү мэд
Байсан л байх болтугай!
Харин тэр хүнийг явчихаар
Ханат гэрийн минь хоймор
Харлан хонхойх шиг болсон юм
Айл хот даяар тэр хүний
Аргилдуухан дуу нь үгүйлэгдэж
Айл хотлоороо өнчрөх шиг болсон юм.
Хээрийн бэлчээр сумын нутаг
Хээр морин дээр
Хэлтгийдүүхэн суусан тэр хүнээр дутаж
Хэсэгтээ өвөл болж өгөхгүй удаж
Мэгдрэхдээ
Мэнэрсэн тэнгэр
Манарсан газар хоёр
Мэгшин мэгшин уйлах шиг
Мичин жилийн их зуд болсон юм.
Байгаль хэмээх догшин эцэг
Баллуураараа
Балрын зуршил
Баячуудын омог, дээрэнгүй зан
Хоттой малыг нь
Хоёр зуун саяд хүрэг! гэсэн
Оросын тушаалтай хамт
Арчаад өнгөрсөн юм.
Адилхан дааруулж
Адилхан өлсүүлж
Одооны энэ нийгэмд
Овоо дөхүүлж өгсөн юм
Олоохон хүний
Омгийг дарж өгсөн юм.
Хүнийг муу хэлэх нь биш би ч гэсэн
Хүүхэд байхдаа
Олон удаа аавыгаа уурлуулсан
Одоо гучин жилийн хойно магтаж сууна.
Хаана ч гэсэн хэзээ ч гэсэн хэн ч гэсэн амьдад нь
Харааж хавчиж хардаж хазайлгаж хажуу бөөрнөөс нь
Ар хонгоноос нь улнаас нь ухаж ухчихаад
Үхэхлээр нь
Үүрд садаа болохооргүй болохоор нь
Өөрөөс нь
Талхыг нь идэж
Чадахаагүй болохоор нь
Өргөн олонд
Арай дөнгүүр
Харагдахааргүй болохоор нь
Ганц үгээр хэлбэл:
Магтаал
Газар авахгүй болохоор нь
Гай ч болохгүй
Нэмэр ч болохгүй болохоор нь
Гашуудаж
Газар хотойтол магтдаг юм байна
Үгүй!
Үхсэн хүнд нэхэж олгох
Үнэгүй алдар үнэгүй магтаал хэрэггүй
Үнэн л хэрэгтэй
Хүнийг, хэнийг ч гэсэн үхэхээр нь
Хрущев шиг авсыг нь ухахгүй л байвал боллоо!
(Чадалтай бол амьдад нь довтолно биз
Чадахгүй бол хохь нь)
Авсаа тонуулсан тэр сахалт хүн шиг
Аав минь тийм том гавьяатай ч биш
Нүгэлтэй ч биш
Амьтанд хал балгүй
Ард хүн байсан юм.
Хооронд маань яс хаясан тэр цаг үеийн
Хол явахгүй мунхруулал арилж
Хожуу би аавыгаа ойлгож
Хосгүй өрөвдсөн юм.
Аав минь эгэл нэгэн боловч
Ааваас цаашхи бүх үеийг харах
Аргагүй миний цонх
Тэр хүн байлаа
Тэр хүнээр би
Хорьдугаар зууны эхэн үеийг харж
Тэр хүнээр бас
Арван есдүгээр зууныг харж
Тэмцэл цөхрөл
Амарсанаа, Чингүнжавыг харж
Тэнүүн говийн ухаантан
Равжаа хутагтыг харж
Тэмүүжин, Аттиль эртний дорно дахиныг харж
Тив дэлхийнхээ үсэн дуурал эринийг
Хүн төрөлхтөнийг
Хүүхэд үетэй нь ойлгоном!
0 comments:
Post a Comment