азтай заримд нь олддог хувь заяа мөн гэж итгэсэн. Оч цацалсан хар нvд, инээвхийлэх дуртай жимбэгэр уруулт цовоо залууг санах бvрт Зулаагийн зvрх рvv хатгана. Таатайхан энэ зовиурт Зулаа хэдийнэ дасчээ.
-Багш аа, ноён Икс Загалмайлсан эцэг болно гэх хөөрvvдvv дуу тvvнийг цочооход бусгvй бодлын ертөнцөөсөө лалхийтэл газардаад юун Икс, юун Загалмайлсан эцгийн тухай яриад буйг ойлгохгvй тэвдлээ. ...Өөдөөс ширтэх хориод хос нvд, тэд бол оюутнууд, анхны бороо, Тунгаагийн охин тургиад байсан, өвгөдийн маргалдах, Ноомой, Сахалт хоёр, Ноён Иксийн зураг гээд эмх замбараагvй хэсэг бусаг дурсамж хөврөхөд бvсгvй учгийг нь барихаар мэрийв. ...Өглөө тэнгэр ёозгvй бvрхэг байв. Цас орох янзтай. “Тунгаагийн охин өчигдөржин тургисан, тэнгэр муудахыг мэдэж шvv. Нялх хvvхэд зөнтэй гэлцдэг. Хувцсаа нэмж дулаалахаас” гэж Зулаа бодлоо. Тэр автобусны буудал руу алхахдаа эрхгvй жийдэв. Ийм тухгvй vед ахуй амьдралын аар саар гачигдал л тархи толгойг эзэлдэг хойно, замд таарах хvмvvс бvгдээрээ урвагар. Нvд хужирлах дагинас сураггvй, хvvхнvvд цөм хөмсөг зангидчихсан, бөөвийсөн амьтад алхана. Улаан шороогоор угтах Улаанбаатарын хавраас хvvхнvvд хэзээнээс халгадаг даа. Салхилж салхилж хэдэн цасан ширхэг дээрээс унаснаа сэхээрэхийн зуургvй эргэн тойрон цагаан далайд умбачихлаа. Зулаа бушуухан дулаан унаатай залгахын мөрөөс болов. Автобусны радиогоор гадаад мэдээ нэвтрvvлнэ. Францад vер буусан, Оросын уурхайчид ажил хаясан, Америкг таван ихэр жаал мэндэлсэн зэргийг мэдээлэх нь холхи ертөнцийн цуурай гэлтэй. - Ээж ээ! Бороо орж байна! гэх vл таних жаалхvvгийн цовоо дуунаар дор бvртээ бодолд автан дvнсийсэн томчууд сая л цонх руу хошууран харцгаав. Vнэхээр бvхнийг бужигнуулан элдсэн цагаан далайн оронд эгшиглэнт сонет шиг яруухан бороо шивэрч байлаа. Цагаан сараас хойш хоног тоолон хvлээсэн анхны бороо. Зон олны мөрөөдөн хvссэн урин цагийн дохио. Аливаа шинэ юм бvхэн баяр дагуулдаг ёсоор анхны бороо автобусанд зорчигчдын өнгийг засч, дуу шуу оруулав. Арын суудалд тухалсан хоёр өвгөн энэ жилийн зуншлага, өвс усны тухай ам нээн, наадмын vзvvр тvрvvг булаацалдан жолоочид дуулдахуйц чанга хөөрөлдөнө. “Бат- Эрдэнэ аварга ахиад тvрvvлнэ”, “Ээ дээ мэдэхгvй, залуу заануудын нэгэнд тvрэгдэх вий” гэх өвгөдийн итгэл дvvрэн маргааныг чагнахад зугаатай. Удтал санаснаас тэр vv, дэндvv турьгvйхэн шиврэх борооноос ер бусын уянгалаг хөгжим эгшиглэн, сэтгэл уруу татна. Хичээлгvйсэн бол шалба нортлоо зогсохсон. Бvсгvй шинэ хурын цэнгэг vнэрт мансууран төдсөнөө цаг руугаа хяламхийгээд алхаагаа тvргэсгэв. Эхний цаг- Тvvхийн II. Ангид ороход тvvний нvдэнд хамгаас тvрvvнд толь барьсан туяхан цагаан гар, час улаан хумс, эргэлдсэн алаг нvд туслаа. Тэнхимдээ зартай “Ганган Сувдаа” нvvрээ сурмагхан энгэсэгдэнэ. Зулаагийн харц Сувдаагаас урд талын ширээ рvv шилжив. Алиман улаан хацартай, жижигхэн бор охин уруулаа эрхлэнгvй цорвойлгочихсон, ном уншаад ухаангvй. Салбарах дөхсөн хавтастайг нь харвал номын сангийнх бололтой. Зулаа тvvн рvv vл мэдэг инээмсэглэв. Буйд хөдөөгийн малчны охин олимпиадад амжилттай оролцон их сургуупьд урилгаар элссэн ажээ. Нойр хоолгvй хичээлээ давтсаар ноднин ядаргаанд орж, ангид ухаан алдсан удаатай. Vvд хайр найргvй тасхийн нээгдэж, өрвийсөн vстэй, нойрмог нvдэлсэн хэдэн банди пир пархийн орж ирээд хойгуур нугдайн суучих нь шөнөжингөө архидсан янзтай. Зулаа ширээнийхээ өлөн тоосыг арчаад цvнхнээсээ конспектгээ гарган ирц бvртгэхvй Сувдаа, Дуламсvрэн хоёрын нvд сая л багш руугаа ширтэх завтай боллоо. -Багш аа, Энхчимэг эмнэлэгт ээжийгзэ сахиж байгаа гэж Дуламсvрэнг нухацтайхан сануулахад хаана л бол хаана тvvнээс салдаггvй гэрэлтсэн нvдтэй, даруухан охиныг Зулаа гэнэт vгvйлэв. Ирээгvй гурав, дөрвөн оюутанд тасалсан, эсвэл хоцорсон гэсэн онош тавиад багш бvсгvй самбарт “Хvний зан аашийг дvрслэхvй” гэж англиар бичлээ. Оюутнууд дор дороо хөдөлж, цаас шарчигнан, vзэг бал бvдэгхэн чахарна. -Өнөөдрийн хичээлийн маань сэдэв энэ. Одоо цөмөөрөө хvний ааш занг нэрлэцгээе гэвэл ангид эзгvй мэт таг чиг болов. Хариу хvлээж хоромхон азнаснаа Зулаа “Хvмvvс олон янзын зан чанартай. Жишээлбэл, ухаантай тэнэг, vнэнч худалч, өглөгч харамч” хэмээн ойлгуулахыг мэрийн vг бvрээ тод, удаан хэлэв. “Бусад зан чанарыг нэрлээрэй. Би бичье” гэвэл аанай л аг чиг. Зулааг урамгvйхэн эргэх гэтэл “сангвиник” гэж тэртээ булангаас нэг нь хулчгардуухан өгvvлэв. Тэгэхтэй зэрэг урдуур суугаа хэдэн охин тvсхийтэл инээд алдаж, хоолой нийлvvлэн хөхрөв өө. Тэдний дундаас орос сургууль төгссөн зэрмэгэр цагаан охин “Мөн залав аа” гэж намжирдаад “Тэр чинь хvний темперамент гэдгийг мэддэггvй юм уу” гэж донжтойхон өгvvлэхэд бусад нь дэмнэн шооллоо. Зулаа самбар тогшин “Монголоор ярихыг хориглоно. Зөвхөн англиар ярь. Ойлгов уу, англиар” гэж анхааруулаад тvvвэрлэсэн vгсийг эсрэгцvvлэн бичив. Ажилсаг- залхуу, өөдрөг- гутранги, нийтэч-зожиг, даруу-сагсуу, тусч-бэртэгчин... Бичсээр байтал самбар дvvрчээ. “Бид хэн нэгнийг голдуу Болдоо дажгvй, Жаргал өөдгvй гэж тодорхойлдог, сайндаа л Болдоо хvний мөс сайтай л даа, гэм нь салан” гэх төдийлөн ханддаг ажгуу. Гэтэл мөн чанартаа хvн гэдэг vй олон зан, шинж чанарын холимог, цуглуулга юм. Хэрвээ хvнийг цагаан гэрэл шиг задалж хардаг бол мянга тvм, живаа өнгөөр солонгорох байсан биз” гэсэн бодол Зулаад төрнө. Хичээлийн дараагийн хэсэг-vзсэнээ бататгах дадлага. Зулаа өмнөх хавтаснаас таван зураг гарган, самбарт цувуулан өлгөв. Дуусаад гvйцсэн vv гэсэн шиг нягтлан сvvлийнх дээр харц хэсэгхэн саатсанаа шавь нартаа зургуудын хуулбарыг тараалаа. Оюутнууд тэдэнд нэр өгч, зан ааш, ажил амьдралыг нь дvрслэх ёстой. Эхний эрийг бvгд санал нэгтэй “Сахалт” гэж нэрлэлээ. Тэдний тодорхойлсноор Сахалт өндөр, чийрэг, ширvvн, дуу цөөтэй, ихэмсэг эр. Тэр бие хамгаалагч эсвэл тамирчин. “Хvvхнvvдэд их таалагддаг жинхэнэ жентельмен” гэж Сувдаа нэмлээ. Дараагийн зургийн эзэн бvсгvйд оюутнууд “Ноомой” гэсэн алдар хайрлав. Ноомой дунд ээргийн нуруутай, өөртөө итгэлгvй, ичимхий, даруу, ялимгvй зожиг, нямбай, ажилсаг бvсгvй болж таарав. Гурав дахь зургийн эзэн нэлээд маргаан тарив. Залуу хvн бvрт шингээстэй байдаг цог заль, авхаалж самбаа, өөдрөг сониуч зан нэвчмэл тэр эрийг хэн гэх талаар удтал маргаж гиюvрэгч, бөөн тэмvvлэл, өөдрөг, зөрvvд, зоригт, vнэнч зэрэг нэрvvдээс Дуламсvрэнгийн дэвшvvлсэн “Мөрөөдөгч”-ийг сонгов. Харин бусад нь тvvний зан чанарыг тодорхойлно гэж vзлээ. Мөрөөдөгч бол маргаангvй яруу найрагч байх гэнэ. Дөрөв дэх бvсгvйг “Нvvрэмгий” гэж оношлов. Нvvрэмгийг дэгжирхэх дуртай, хөнгөмсөг бас чалчаадуу гэж таамаглацгааж, “Царайлаг гэдэг чинь гадаад vзэмж болохоос ааш зан биш”, “Яахаараа нэг хvн бөөн дутагдлын хvvдий байх ёстой юм”, “Хөөрхөн хvvхнvvд иймэрхvv л байдаг биз дээ” гээд бөөн хэл vг боллоо. Сvvлийн зурагт хэн ч нэр өгч чадсангvй. Зулаад оюутнуудын дvгнэлт тун сонин байсан тул тэднээс нэр цохон асуугаад ч тоймтой зvйлгvй, займчуулсан хариу сонсчээ. Бvгд дуугаа хурааж, зургийг нэгжин ширтэх vес нам гvмийг эвдэж Дуламсvрэн “Энэ бол гучаад настай монгол залуу” гэлээ. Нэмж “Монгол хvн болохоор нэрэлхvv, бардам, бас гэнэн цайлган байж таарна” гэлээ. Бvгдээрээ нэлээн зөвшсөний эцэст тvvнийг vл мэдэгдэх, угтаа vл танигдах ноёнтон буюу “Мистер Икс” гэхээр тогтов. .. .”Миний бодлоор ийм бардам хvн бусдыг өмнөө сөгдvvлэх дуртай байдаг”. Дуламсvрэнгийн vгийг Зулаагаас бусад нь ойлгосонгvй. “Багш аа, сөгдvvлэх гэдгийг зөв хэлэв vv?” гэж тvvнийг асуухад Зулаа цагийнх нь хэлбэрийг засч өгөөд, Дуламсvрэнгийн дvгнэлтийг орчуулахад ангиараа мэл гайхжээ. Хэнхэг, номын цагаан солиотойгоороо гоочлуулдаг жаахан охиныг ийм нухацтай гэж хэн ч төсөөлсөнгvй. - Ноён Икс чоныг шvтдэг гэж шартагсдын нэг хойноос зоригтойёо мэдэгдлээ. -Яагаад гэж хэд хэдэн хvн зэрэг асуухад - Яагаад гэвэл монгол хvн юм чинь гэсэн бэлэн хариу шидэж байна. Асуулт тавигсад бууж өгөхийг хvссэнгvй. -Тэр чинь зан чанар биш гэвэл: -Монгол хvний онцлог шvv дээ. Монголчууд шиг чононд хайртай ямар vндэстэн дэлхий дээр байна гэж мад тавив. Vр ашиггvй энэ яриаг Зулаа vргэлжлvvлэхийгхvссэнгvй “Энэ хvмvvсийн хувь заяа, амьдралыг төсөөлцгөөе” гэсэн нь дарин дээр давс нэмсэн хэрэг болов. Хичээл дvйвvvлэхдээ хэзээний гарамгай хойно, оюутнуудын нvд сэргэж, дуу чангараад ирлээ. Хормын төдийд Сахалтыг Нvvрэмгийд дурлуулж, тэр нь бvтээгvйгээс Ноомойтой гэрлvvлэн, ихэр хvv, нэг охинтой болгож амжив. Хvvхдvvд нь бvгд ааваа дуурайх гэнэ. Мөрөөдөгч хайрт бvсгvйдээ насаараа vнэнч явахаа амлана. Амрагтаа зориулж, шvлэг найраг олныг бичсэн хэдий ч ор ганцаараа хоцорч, аз жаргалгvй амьдралаасаа залхсандаа амиа хорлоно, эсвэл засаршгvй архичин болж дуусна. Нvvрэмгий Элизабет Тейлор шиг нөхөр сольсон нэгэн болоод нас ахилаа ч томоожихгvй, дvv эрчvvдийг таашаасаар... Харин хамгийн учир битvvлэг хvн- Мистер Икс мафийн толгойлогч болно. Яриа савнаасаа хальсан тул Зулаа оюутнуудаа хичээлдээ анхаарахыг хvсэв. Дуу хураагчийн хальс эргэж, чихэнд сонсголонтой баргил дуут эр ярьж эхэллээ. “Эцэг эх минь намайг инженер болгох хvсэлтэй байлаа. Харин би зvтгэсээр байгаад тогооч болсон юм. Би ажил мэргэжилдээ дуртай. Би их уяхан хvн. Уянгын кино vзэх, гуйлгачин хvvхэдтэй тааралдах, бас сонгино хэрчихдээ тэсэлгvй нулимс унагана даа. Дуулж бvжиглэж чаддаггvй, олон хvн харуут сандарчихдаг...” Тогхийн яриа тасрав. Зулаа дуу хураагчийн товчлуурыг дарж оюутнуудаа ажлаа. Тэд өөдөөс нь сониучирхан ширтэнэ. Зулаа хальсыг эргvvлэн хурааж, Сахалтын яриаг дахин тавилаа. Энэ зуур тэдний мэдэхгvй vгийг самбарт орчуулан бичээд утгыг нь тайлбарлав. -Одоо Ноомойтой танилцъя. “Анх уулзсан хvн бvхэн намайг энэ компанийн ажилтан гэж боддог. Дараа нь уучлал гуйх нь олонтаа. Би тvvнд ер гомддоггvй. Би өдөрт арваас олон цаг ажилладаг. Эрсдэл, маргаанаас буцдаггvй, зөв гэж vзсэн зvйлдээ өөрийнхөөрөө зvтгэдэг. Миний хамгийн сайн чанар бол ирээдvйдээ итгэдэг”. Ноомойгийн товчхон, ойлгомжтой яриаг хоёронтаа сонсгоход “Өө, дахиад л зөрчихлөө” гэж нэг нь урамгvйхэн дуу алдлаа. Бvхний анхаарал дуу хураагч, гурав дахь зураг хоёрт төвлөрөв. Дуу хураагч ассангvй, Зулаа зузаан ном дэлгэн омголон хурц зантай алдарт Зохиолчийн тэмvvлэл, гуниг бялхсан уярам хайрын тvvхийг уншлаа. Тvvх “Энэ хэн бэ?” гэсэн асуултаар төгсөхөд “Хэн бэ?” гэж Дуламсvрэн догдлонгуй давтжээ. Зулаа тохуутайхан инээмсэглээд “Таа л даа” гэвэл “Багш аа жаахан тодруулаач. Дэндvv бvдэг, ерөнхий байна шvv дээ” гэж тал талаас шуугилдав. -Энэ зохиолч дайны тухай олонтаа бичсэн. - Лев Толстой? - Биш ээ. - Юлиан Семёнов. - Vгvй ээ, тэр Нобелийн шагнал хvртээгvй шvv дээ. - Хэмингуэй. Эрнест... Дуламсvрэн хvvхдийн цангинасан хоолойноосоо ичингvйрхэн “Нобелийн шагналт зохиолч Эрнест Хэмингуэй” гэж дуулдах төдий аяархан өгvvллээ. Зулаа Дуламсvрэн рvv бахархангуй, баярлангуй харав. Тvvнийг яагаад өөриймсч хайрладагаа бvсгvй сая л ойлгох шиг. Дуламсvрэнгээс бvсгvйн оюутан нас ханхална. -Багш аа! Дөрөв дэх нь хэн бэ? гэсэн асуулт бvхний сарнисан анхаарлыг буцааж төвлөрvvлэв. - Нэгэн ярилцлагын хэсгээс. “Тийм ээ, би тайзан дээр эрчvvдийг өдсөн, аальгvй маягтай харагддагаа мэднэ л дээ. Сэтгvvлчид тvvнийг миний имиж гэдэг. Харин би амьдрал дээр тvvнээс тэс өөр хvн. - Ямар гэж? -Ичимхий. Нvцгэлэх шаардлагатай авангард загвараас шууд татгалздаг. Учир нь би хуучинсаг гэр бvлд төрж өссөн болохоор ёс журмыг сахидаг, шvтлэгтэй. Архи тамхийг цээрлэдэг. Найз нар минь намайг шvvмжлэхдээ... Ангийн хаалгаа муужгай аятай мяулан онгойж нэгэн залуу “Орох уу багш аа” гэж хэнэггvйхэн лавлахад Зулаа уншихаа зогсон цагаа харвал хичээл дуусахад арав хvрэхгvй минут vлджээ. - Уучлаарай, хаалга хаачихгvй юу. Тасхийн хаагдсан хаалганы салхи сэвэлзэхvй Зулаа “Хичээл дуусч байхад ирчихээд” гэж дотроос хатгах цухалдлаа даран байж нvvрэмгийн ярилцлагыг төгсгөв. Тав дахь зургийн эзнийг тухтай таамаглаж завдсангvй. Зулаад туйлын харамсалтай байлаа. Гялалзсан хар нvд, шооч наргиантай инээмсэглэх атлаа гуниг нэвт мэдрэгдэх энэ залуугийн цээжинд ямархан зvрх цохилж, ямархан сэтгэл нуугдана вэ? Энэ тухай Зулаа өөрөөсөө чамгvй шалгаасан ч хариултыг олоогvй. Бусдыг олох болов уу гэж найдсан. Гэтэл энэ... Мафийн толгойлогч- Мистер Икс.- Хар өнгөөр буух энэ дvгнэлт тvvний бодол оюуныг эзэмдэн ээрэхэд Зулаа Сайхнаатай холбоотой бvх дурсамжаа онгичлоо. Тэр vдэш Сайхнаа Зулааг бvтэн цаг ширтэхдээ юу эсийг учирлан хvvрнэсэн гэх вэ. Бvсгvйд Сайхнаагийн гэрэл зураг, гараараа бичиж өгсөн цахим шуудангийн хаяг бий. Бас насан туршдаа мартамгvй гэгээн дурсамж. Зvрхийг нь төөнөх хосгvй vнэт эрдэнийг хяслантай нь бусдад харуулах арга vгvй. Сайханаагаас салснаас хойш сар, хагас жил, жил өнгөрсөн. Бvсгvй тvvнд тав, арав, гучин захидал илгээсэн. Хариу vгvй. Өглөө бvхэн тvvнээс минь хэл чимээ ирэх болов уу хэмээн горьдож сэрэх. “Амьдралаа бод, ханьтай бол” гэж ээжийгээ зовнин vглэх бvрт Сайхнааг л санах. “Тоохгvй хvнийг хvлээгээд тэнэг гэдэг нь” гэж найзаа зэмлэх тоолонд бvсгvй Сайхнаатай учирсан оройг дурсах. Эрс чигч мөртлөө ялдамхан Сайханааг минь мафийн толгойлогч болно гэнэ vv. Тэд бvжгэн дээр танилцаж билээ. Vлгэрийн ханхvv шиг жавхаалаг, өндөр залуу гараа өгөн бvжигт урихад бvсгvй vнсгэлжин шиг догдолсон. Гайхаш, баяраа арайхийн барьж “Намайг урьсан уу?” гэж эргэлзэнгvй шивнэхэд Сайханаа “Тийм ээ, яагаад болохгvй гэж” хэмээн итгэлтэй няцаасан. Тэгээд тэд хөлөө дэвслэн, толгойгоо сэгсрэнхэн, хажуугийн хосуудыг мөргөнхөн, бvгдийг умартан эргэлдсэн. Цыгануудаас дутахгvй омголон галтай бvжиглэсэн. . Орой нь Пугачёвагийн “Намрын vнсэлт”-ийг мөр мөрөө тvшин сонссон. Жин жин... Завсарлах хонх дуугарав. Тvрvvнээс хойш өндөлзсөн хөвгvvд ухасхийн хоосон шахуу хавтсаа хам хум сугавчлаад vvд зvглэв. Охид дараачийн хичээлийн тухай тvгшvvртэйеэ хэлэлцэнэ. Харин Зулаагийн чихэнд Аллагийн “Намрын vнсэлт” хангинасаар л... Багш нарын өрөөг зорихдоо ч, таарсан нэгэнтэй хэв ерийн vгс солилцохдоо ч, ширээндээ сууж компьютерээ асаахдаа, цахим шуудангаа шалгахдаа ч Аллатай цуг дуулж, горь найдвар тээсээр л авай. Гэтэл шуудан... Хов хоосон. Тvvнийг vзvvт Зулаагийн сэтгэл бас хоосроод, vгээр дvрсэлшгvй гомдол цээж рvv огшоод ирэв. Аллагийн чадалтай хоолой “Бидний өмнө бvхэл бvтэн намар байна. Чи надад хэрэгтэй, би ч бас чамд...” гэж харамсана, учирлана. Өнөөх гомдол дээш өгсөн бvсгvйн хоолой дээр тээглэхдээ нулимс болон хувирлаа. Амь мэт халуун тэр нулимсыг алаг нvдний аяга багтааж дийлэлгvй асгачихлаа. Зулаа бодлогошрон суухдаа өөрийн мэдэлгvй Сайхнаагийи хаягийг биччихжээ. Тэгээд “Чамайг хvлээнэ” гэсэн хоёрхон vг тавилаа. Бичье гэвч vг олдсонгvй. Бичихгvй байж бас чадсангvй. Итгэл найдваргvй, ирээдvйд балар амьдарна гэдэг эмгэнэлтэй, утгагvй. Гэнэт... Хонх. Зулаа илгээх товчийг санд мэнд дарлаа. Тэгээд хаалганы дэргэд саатан, vс зvсээ тольдож, нулимсны халуун мөрийг арчуутаа уруулаа будлаа. Сайхнаа тvvний захидлыг авах уу vгvй юу, уншаад хариу илгээх эсэхийг бvсгvй мэдэхгvй. Гагцхvv “уншаасай, уншаасай” гэж залбирна.
0 comments:
Post a Comment