Pages

Saturday, December 25, 2010

ХУБИЛАЙ ХААНЫ ХЯТАД ХЭЛЭЭР ЗОХИОСОН НЭГЭН ШҮЛЭГ

“XIII зууны үе бол монгол үндэстний хувьд нийгмийн бүхий л талаар сэргэн мандаж хүчирхэгжсэн цаг үе байлаа. Тухайн цагтаа хүн төрөлхтөн дэлхийн буй бүх хуурай газар гэж ойлгож асан Ази-Европ хоёр тивийн өргөн уудам эх газрыг хураан авч нэгэн төрийн дор нэгтгэн захирсан монгол үндэстэн, энэ их газар нутаг дээрх олон улс гүрэн, үндэстэн ястантай нийгмийн харилцааны бүхий л чиглэлээр өргөн хүрээтэй харилцах болсноор олон салбарт, түүний дотор соёл, урлаг, хэл бичиг, уран зохиол, шинжлэх ухааны янз бүрийн салбарт харилцаа, солилцоо тогтож, тэр чинээгээр харилцан нөлөөлөлцөж ирсэн билээ.


Цөвүүн цаг, Догшин эрин, Зовлонгийн далай хэмээн янз бүрээр нэрлэж ирсэн энэ цаг үеийн түүхийг зөвхөн цэрэг дайн, эзлэн түрэмгийлэл, цуст ноёрхол байсан мэтээр олж харж, ойлгож, тэр чинээгээр үзэл сурталжсан сэтгэлгээгээр хандан, өнгөрсөн түүхийн үйл явц, түүний бодит үнэн мөнийг гуйвуулсан, бүдэгрүүлсэн, үгүйсгэсэн байдлаар дүгнэсээр ирсэн билээ. Иймд бид өнөөдөр эл хязгаарлагдмал, хоцрогдмол байдлыг зоригтойгоор орхиж түүхийн үнэнийг буй асан чигээр нь судалж тогтоон, үнэлж дүгнэх байр суурь руу шилжих явдал чухлаар тавигдаж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл тухайн цаг үеийн Дэлхий дахиныг бараг бүхэлд нь хамран тогтсон “Монгол маягийн энх тайван”-ч их үйл хэргийг бид эерэг талаас нь, хүн төрөлхтний түүхэн гольдролын зайлшгүй болох байсан, болж өнгөрсөн үйл явц гэдэг талаас нь олж харж, судалж дүгнэх ёстой болж байна” /Я.Ганбаатар, Юань улсын үеийн монголчуудын хятдаар бичсэн шүлгийн сонгомол, Уб., 2007, 11-12-р тал/.
Үнэхээр ч, Монгол улс улам өргөжин мандаж монгол угсаатан төдийгүй хятад, зөрчин, уйгур, түрэг, төвд зэрэг олон угсаатныг хамран багтаасан, нүүдлийн болон суурин соёл иргэншил зэрэгцэн оршсон, бөө мөргөл, кунзийн суртал, бомбын ёс, буддын сургаал болон ислам, несториан зэрэг олон шашинтан холилдон аж төрсөн их гүрэн болоход, тэдгээр олон угсаатан иргэдийг нэгэн төрийн дор захиран жолоодохын тулд олон соёлын орчин бүрдүүлж, олон шашныг адил тэгшээр хүндэтгэн үзэх бодлого баримтлах нь хамгийн оновчтой байсан гэдэг нь тодорхой билээ. Ялангуяа, хаан эзэн нь өөрөө Хархорумд нийслэллэн суугаад тийм том гүрнийг удирдана гэдэг бол тухайн цаг үедээ боломжгүй явдал байсан юм. Чухам ийм л учир шалтгаанаар Хубилай хаан нийслэлээ шилжүүлэн суусан биз ээ. “Морин дэл дээрээс ертөнцийг эзлэх амархан, Мориноосоо буугаад ертөнцийг захирах хэцүү” гэж …

Билгүүн номч Б.Ринчений “Хубилай сэцэн” гэдэг шүлэгт:
“Сэргэлэнхэн зальтай байж, Хубилай их хаан,
Сэцэн гэж цол өгсөн нь учиртай л байж,
Урьд дээр цагт бүх Хятадыг байлдан дагуулахад нь
Учиргүй, бичиг үсэгтэйгээрээ тэд нь бахданхан
Утга зохиолоороо урам зориг нь бадардаг байлаа.
Хубилай сэцэн тэр байдалд нь арга сүвэгчилж,
Хуучин үсгий нь халаад оронд нь төрийн дөрвөлжин,
Цоо шинэ үсэгтэй болгоод орхивол, яасан чиг
Цог бадрангуй утга зохиолтой байснаа мартаад,
Ардын суутан билэгтний нь дэргэд сайдууд минь
Арай тарваган хүн шиг гологдохгүй болох вий.
Дуутай цуутай соёлоороо хятад гайхуулахаа байх вий …” хэмээн дурдсанчлан Монгол Юань улсын нэгдэл нягтралыг хангахын тулд явуулж байсан Хубилай хааны төрийн бодлого, түүний үндэс болсон соёлын бодлогод олон зүйл бэрхшээл тулгарч байсан нь дамжиггүй юм.
Мэдээжийн хэрэг Монгол Юань улсын эрхшээлд багтаж байсан угсаатнуудын дотор хятад угсаатан голлож байсан учир тэдний талаар явуулах бодлогод ч мөн илүү анхаарах нь зүйн хэрэг юм. Тиймээс нэг талаар олон зүйл бэрхшээлийг даван туулж өөрсдийн бодлогыг хэрэгжүүлэх үүднээс Юань улсын хаад түшмэд тэргүүлэн хятад хэл бичигт сайтар суралцаж байсан бөгөөд нөгөө талаар харь газар он удаан жил үргэлжлэн суусан учир магадгүй тэдний соёлын нөлөөлөл, соёлын харилцаа солилцооны  улмаар хаад хатад, алтан ургийн язгууртан ихэс дээдэс, түшмэд ноёд, төрийн дээгүүр албаны зүтгэлтэн, дунд ба доод зиндааны төрийн бичиг хэргийн түшмэд, эгэл ардын гаралтай сэхээтнүүд хүртэл хятад хэлээр өөрсдийн шүлэг бүтээлийг туурвиж байжээ. Энэ нь монголын уран зохиолын бүтэц бүрэлдэхүүн, цар хүрээ, арвин санг улам дэлгэрүүлэн баяжуулсан юм.

Судлаачдын тооцоо судалгаанаас үзвэл, өнөөдрийн байдлаар хятад хэлээр зохиол бичиж байсан монголчуудын бүтээл туурвилийн өв нь лавтай XIII зууны үе, түүнээс наашлан хятадын Мин, Чин төрт улсын үе буюу 1911 он хүртэлх цаг үед холбогдох хоёр зуун гуч шахам зохиолчийн нийт хэдэн зуун зохиол бүтээл олдоод байгаа ажээ. Харин, хятад хэлээр зохиол бичиж байсан тэдгээр монголчуудын зохиол бүтээлийг судлах, сурталчлах ажил хэзээ эхэлсэн, одоо хэр төвшинд хүрч байгаа хийгээд энэ чиглэлийн судалгаа нь монголын уран зохиол судлалын хүрээнд хэр зэрэг байр суурь эзлэх талаар эрдэмтэн Я.Ганбаатар, “Энэ зүгт БНХАУ-ын эрдэмтэн судлаачид, нэн ялангуяа өвөр монголын эрдэмтэд өргөн хүрээтэй судалгаа хийж нэлээд амжилтад хүрч байгааг дурдах нь зүйтэй. Ер нь хэлэхэд энэ чиглэлийн судалгаа Монгол судлалын бусад чиглэл, салбарыг бодвол харьцангуй хожуу эхэлсэн бөгөөд цаг хугацааны хувьд 1970-аад оны эхэн үед хамаарч байна. Энэ чиглэлд нэлээд далайцтай судалгаа шинжилгээ шаардагдах нь дамжиггүй бөгөөд түүнчлэн Юань гүрний дараах буюу Хятадын Мин, Чин төрт улсын үеийн монголын бичгийн хүмүүс, тэдний уран бүтээлийн талаар ч ул суурьтай судалгаа хүлээгдэж байна. Энэ судалгааг амжилттай хийснээр бид, Монголын утга зохиолын түүхийн цагаан толбо болсон бага судлагдсан нэгэн үеийн түүхэн төлөв байдлыг судлан мэдэж, Монголын утга зохиолын түүхэнд зохих байр суурийг нь эзлүүлэн байршуулах эрхэм зорилгыг барих ёстой юм аа” /Я.Ганбаатар, Юань улсын үеийн монголчуудын хятдаар бичсэн шүлгийн сонгомол, Уб., 2007, 15-р тал/ хэмээн тэмдэглэжээ.

Тиймээс бид дурдсан чиглэлд өчүүхэн боловч уриа дуудлага, хувь нэмэр болох зорилгоор эхний удаад хятад хэлээр зохиол бүтээл туурвиж байсан монголчуудын шүлэг зохиолын дээжээс Өвөр Монголын эрдэмтдийн монгол хэлээр орчуулсан орчуулгаас кирилл үсэгт буулган уран зохиол сонирхогч монголчууддаа толилуулахыг хүсч хичээж байгаа юм. Энэ удаад Хубилай хааны зохиосон нэгэн шүлгийг Өвөр Монголын эрдэмтэн Б.Буян монгол хэлээр орчуулсныг монголын эрдэмтэн Я.Ганбаатар кирилл үсэгт буулгаснаар хүргэж байна. Ерөөс, Хубилай хааны шүлэг зохиол бидний үед олноор хадгалагдан ирсэнгүй. “Юань улсын бүх шүлэг найргийн эмхтгэл” хэмээх түүвэрт ганцхан шүлэг тэмдэглэгдэн үлдсэн байдаг нь доор толилуулж буй шүлэг болно.
ХАВРЫН УУЛНАА ЗУГААЦААД УРАМШИН
ТЭМДЭГЛЭСЭН ШҮЛЭГЛЭЛ

Хавар цагийн найрамдуу улирал дор анхилам уулнаа авирлаа.
Халшралгүй оргил дээр гараад “Алтан нүүр” дор бараалхчухуй.
Хүйс цэцэг туяалан мяралзаад өлзийт өнгө солонгормуй.
Хүлисийн утаа хүдэнтэн тунараад бэлэгт гэрэл сацармуй.
Хадан дээрх хас хулснаа хурын дусал бөмбөлзөнхөн,
Халил давааны ногоон нарснаа сэрчигнэх салхи хөгжимдмүй.
Буддын сүм дор бурхны өмнө хүж өргөн аяарлаад
Буцах замд сүйх тэрэгнээ хөх луу хөлөглөжүхүй.

Хубилай хаан хаврын нэгэн өдөр Дайду хот /одоогийн Бээжин хот/-ын баруун дүүрэгт орших И Хэ юань цэцэрлэгт хүрээлэнд байх нэгэн Буддын сүмд мөргөл үйлдээд буцах замдаа Ван шоу шань буюу Түмэн наст хэмээх ууланд гарч энэ шүлгээ зохиосон гэдэг. Хубилай хаан хувь хүнийхээ хувьд Төвдийн Сажийнханы баримталдаг Тантрын ёсны авшиг хүртэж, улмаар Бурханы шашиныг илт дэмжин, яваандаа түүнийг эзэнт гүрнийхээ гол шашин болгохыг зорьж байсныг бид бүхэн мэдэх билээ. “Алтан нүүр” гэдэг нь Буддын сүмд залсан бурхныг хэлж байна. Ертөнц дахиныг нэгэн төрийн дор өөрийн эрх мэдэлд хураан захирсан их хааны сэтгэлийн агуу их болоод амар амгалан, энх тайван байдал уг шүлгээс мэдрэгдэх ажээ. Шүлгийн төгсгөлд эртний хятад хэлт утга зохиолд хаан хүнийг хөх лууны хувилгаан хэмээн үзэж, хаан эзний аливаа өмч хэрэглэлийг луугаар бэлгэдэн төлөөлүүлдэг уламжлалаар өөрийн сүйх тэрэгнээ хөллөсөн морио хөх луу хэмээн дүрслэжээ.

эх сурвалж: http://www.literature.mn/
БЭЛТГЭСЭН Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

0 comments:

Post a Comment