Pages

Thursday, September 16, 2010

СОХОР ЗУРААЧ /Б.ЦЭЦЭНСОД/

Тэр харанхуйн дунд амьдардаг...Гэрэл гэгээг тэр бүхий л амьдралынхаа турш мөрөөдсөн боловч гэрэл гэгээ гэгч юу болохыг мэдэхгүй. Хорвоо түүнд мөнхийн харанхуйгаас өөр зүйл мэдрэхгүй тийм хувь тавилан оноосон...тэр үргэлж тас хар орчинд байдаг ч хар гэж ямар өнгө байдгийг бас мэдэхгүй...

Үнэр, амт, чимээ анир түүний энэ орчлонгоос авч болох мэдрэмжийг өгдөг. Өглөө болох түүнд хамаагүй. Унтаад сэрэх тэр л агшин түүний хувьд өглөө байдаг... Нар сарны эргэлдээн түүнд хамаагүй. Гэхдээ цаг хугацаа хамаатай. Ийм зовууртай амьдрал дунд тэр удаан амьдарсан нэгэн.
Харин энэ удаа тэр цоо шинэ мэдрэмжийг олж авчээ. Сохор маань дурлажээ...Нэгэн яруухан сайхан уянгалаг хоолой, зуны цэцэг шиг сайхан үнэртэй бусгүйд...тэр бүсгүйн зүс царайг сохор мэдээж хараагүй...гэхдээ дурлажээ.
Нойргүй, хоолгүй тэр уянгалаг сайхан хоолойг л хүлээдэг болж...түүний биед ганц удаа боловч хүрээд үзэх юмсан гэсэн бодол түүний толгойд байнга эргэлдэнэ...
Сохор гэнэт бослоо. Тэр хуучин авдраа ухаж хэдэн зүйл гаргаж ирээд ширээн дээр тавив. Тэр нь зургийн хэрэгсэл байлаа. Тэр тэмтэрсээр нэгэн цаас аваад өөрийнхөө гаргаж ирсэн будгуудаараа дурлалт бүсгүйгээ зурахаар шийдэв...
Бийрээ усанд дүрээд будгаа түрхээд зурж гарав...ямар өнгөөр, ямар дурс зурж байгаагаа тэр мэдэхгүй... гэхдээ тэр юу зурж байгаагаа сайн мэдэж байгаа ... тэр сайхан уянгалаг дуу хоолойг бас сайхан үнэрийг зурж байв.
Сохор өөрийн зургаа зураад л байв. Хэдэн өдөр хэдэн шөнө болсныг бүү мэд. Дурлал хүнийг цаг хугацаанаас айхгүй болгодог шүү дээ...
Сохор энэ зургаа тэр бүсгүйд бэлэглэнэ. Энэ зураг түүний хайр дурлалын илэрхийлэл болох байлаа.
Сохор зургаа зураад л байлаа зураад л байлаа. Бүтэн гурван сар зурсны дараа тэр зурж дуусчээ.
Хаалга зөөлхөн тогших чимээ зүрхийг нь дэлдэх шиг болов... Тэр яаран босож хаалга онгойлгоход сайхан үнэр...тэр бүсгүйн үнэр байв. Сохор түүнийг орохыг хүсээд сандал татаж суулгаад өөрөө суулаа...
Бүтэн гурван сар зурсан зургаа "Энэ бол та. Би танд зориулж зурсан юм" гэж хэлээд бүсгүйн зүг сарвайв.
Цаас урах чимээ... Нөгөө сайхан хоолойгоос гарахааргүй хэдэн хараалыг үг...
Тэр бүсгүй энэ зураг түүний үнэр, дуу хоолой нь байсныг мэдсэнгүй...
Сохрын нүд юу харахгүй битүү ч гэсэн нулимс урсахад онгойдог нь харамсалтай...

Хаалга тогших чимээнээр Хүлээлт ухасхийн босов.
Үүдэнд зогсох бараан хувцастай хүний хараад Хүлээлт итгэл алдарсан байдалтай
- Ноён Ганцаардал Та дахиад л хүрээд ирэв үү... гэж хэлэхэд тэрбээр үл ялиг жуумалзсанаа
- Би зүгээр л байх ёстой газраа ирлээ, надаас өөр хэн танай үүдийг тогшиж зүрхлэх билээ гэж дооглонгүй нүдээ ирмэлээ...
Хүлээлт цөхөрсөн харцаа доошлуулан
- Үнэндээ би танаас залхаж байна... тэртэй тэргүй энд надтай Уйтгар хатагтай, өвгөн Цөхрөл хоёр хамт байгаа болохоор Танд багтах зай байхгүй л болов уу... гэхэд
- Өө дандаа миний хуучны танилууд байна ш дээ... ер нь бол бид хамт л байх ёстой л доо... мэдээж чи үүнийг өөрчилж чадахгүй... тэгээд би орж болох уу гэж зандрангуй хэлээд урагшаа алхлаа
- За ор доо... өөр яалтай ч билээ... гэхдээ хэзээ нэгэн цагт Та нараас сална гэж Бурханд л найдахаас гэж хэлээд хаалганыхаа гинжийг мултлав...
Энэ бяцхан өрөөнд Ноён Ганцаардал, Хатагтай Уйтгар, Өвгөн ах Цөхрөл гурав ёстой л дураараа авирлана... дарс шимэн, тамхи баагиулаад л... би энэ гурвыг салдаггүй гурван чөтгөр гэж нэрлэдэг юм...
Харин Бодрол дүү хэдийгээр энэ дураараа авирлагчидтай эртний танилууд ч гэсэн надтай илүү дотно хандаж байнга л элдэв зөвлөгөө өгнө... Хэтэрхий ихээр ч байж магадгүй... Заримдаа би залхдаг ч гэсэн түүнтэй хамт байхад сайхан байдаг...
Хайр гэгч царайлаг бүсгүй намайг нэг нүдээр ч тоож харахгүйд гурван чөтгөр ихэд баясах бөгөөд... Хүсэл мөрөөдөл, Итгэл найдвар хэмээх зүс таних найзууд хааяа ирэхэд гурван чөтгөр энэ хоёрт байнга л миний талаар хов зөөнө... Ядаж байхад тэр хоёр ихэд итгэмтгий бас эмзэг хүмүүс учраас тэдний үгэнд итгээд удалгүй л яваад өгнө...
Гурван чөтгөр энэ бяцхан өрөөнд аль хэдийнэ хаанчлалаа тогтоочихсон... Өөр хэнийг ч нэвтрүүлэхийг үл хүснэ... Мэдээж шүү дээ эрх мэдэлд бүгд л дуртай байдаг... эрх чөлөө хүртэл түүнд буугаад өгчихсөн гээд бод доо...
Би бараг л энэ амьдралдаа дасаж байх шиг... гэхдээ нэг л өдөр бүх юм өөрчлөгдөнө гэж Бодрол надад байнга л үглэнэ...
За ингээд би гэдэг хүн нэг өдөр хөрш айлын Ухааралыг оройн хоолонд уриад ярилцаж зөвлөгөө өгөхийг хүсэв... Азаар тэр энэ хүсэлтийг минь үнэхээр сайхан хүлээн авлаа...
Тэгээд бид хоёр тэр нэгэн орой их удаан ярилцлаа... Тэр надад нэг сайхан зөвлөгөө өгсөн... Би ч түүнийг хэрэгжүүлэхээр шийдэв ээ...
Итгэл найдвар, Хүсэл мөрөөдөл хоёрыг нэг ирэхэд нь хаалгаа дотроосоо түгжээд хаашаа ч битгий гаргаарай гэж тэр надад зөвлөсөн юм...
За ингээд би тэвчээртэйгээр олон өдөр хүлээнэ... хүлээсэн... хүлээх болно...
Хурц нартай тэр нэгэн өдөр хаалга аяархан тогших чимээ сонсогдлоо...
Хэн бэ?...

өгүүллэгүүд

0 comments:

Post a Comment