Pages

Tuesday, March 6, 2012

"Ижийдээ захидал бичээрэй" III уралдааны ялагч болсон 1 захидлыг таалан соёрхоно уу!

Ээжээ та сайн уу? Хүү нь сайн байнаа. Цагаан сарын шинийн нэгэнд таньдаа очиж золгож, үнсүүлсэнээс хойш овоо хэд хоног өнгөрчээ. Хайрт буурал ээж минь та үргэлж нүдэнд харагдаад таныгаа хүү нь их үгүйлэх юмаа. Нарт хорвоог харах мэлмий маань өдрөөс өдөрт суларч энхрий буурал ээжийгээ харж чадахгүй болох вий гэж бодох бүрийд сүнс минь зайлчих шахах юм. Хэрэв харах мэлмийгүй болох аваас та л их шаналах байх даа. Зүгээр, Бурхан надад тусална аа Ээжээ. Амьд явахад алтан аяганаас ус ууна гэж ардын зүйр цэцэн үг байдаг шүү дээ. Хүү нь алтан аягагүй ч гэсэн алгандаа мөнхийн рашаан дүүргээд ээждээ баринаа. Ээж минь та бор хүүдээ ангир шар уургаа шимүүлж, халуун элгэндээ энхрийлж өсгөсөн агуу их ачтан сахиусан тэнгэр бурхан билээ. Ээжээ таньд хүү нь маш их хайртай гэж хэлэх юу ч биш байх аа. Яагаад гэвэл эхийн ачлал, хайр энэрэлийг юутай ч зүйрлэшгүй. Ээж минь та байгаа учраас энэ дэлхий оршин тогтож байгаа юм шүү дээ. Ээжий минь ангир шар уурганд агуу их авъяас суу билгийг шингээж бурхан надад өгсөн гэлтэй. Тэгвэл муу бор хүү тань таны эрдэнийн рашаан болсон ангир шар уургийг тань зүгээр нэг хоосон залгисангүй харин ч яруу тунгалаг чихнээ чимэгтэй дуу, хөгжим болгон залгиж байж шүү. Одоо л хүү тань ухаан сууж байх шиг байна даа.
Шүл. Ш.Шажинбат                          хөг.С.Баатарсүх
(1968 онд ээждээ зориулав)

Нүдэн нуур
Холын сайхан Алтай нутагт минь
Холбоо нуур ууланд байдагсан
Холбоо нуураа харан суухлаар
Хайртай ээжийн минь нүд шиг санагддагсан
Уулын нуурын шуугих долгионд
Уяхан хөхөөн дуулал байдагсан
Уяхан хөхөөн дууллыг сонсохоор
Ухаант ээжий минь бүүвэй сонсогддогсон
Эргээ цохилон бидэрлэх усандаа
Эрдэнийн долгиог хаялан мяралздагсан
Эрдэнийн цагаан долгиог харахлаар
Эхийн цагаан сүүтэй адилхансан
Хормойн чинээ тэрхэн нууранд минь
Хунгийн сүрэг дандаа ирдэгсэн
Хунгийн сүрэгт нуураа харахлаар

Хайртай ээжий минь өвөр санагддагсан гэж муу хүү нь 1969 онд 19, 20хон насандаа дуулж хөгжимдөж явсаныг минь ээжээ та санаж байна уу? Энэ дуу минь 41 нас хүрчээ. Би 62 нас хүрчээ. Ээж минь та 81 нас хүрчээ. Дуу минь намайг дагаад хүү нь ээжийгээ дагаад өтлөх янз оржээ. Ээжийнхээ ачлал, хайр энхрийлэл дор өссөн шиг өтлөх сайхаан, сайхан.
Ээжээ! Муу бор хүү чинь “Цэнхэр залаа”, “Монголын нууц товчоо /7-р симфони/”, “Цэцгэн зүйрлэл”, “Дөрвөн улирал хоёр амраг”, “Халтан манан хөөрөг”, “Охин үр минь”, “Тооно өргөх хүү минь”, “Хүрээ байшин”, “Сансарын хүлэг”, “Долоон бурхан” зэрэг олон зуун дуу хөгжмийн бүтээлүүдээ буянт ээж таныхаа ангир шар уургаар амилуулж хийсэн юм шүү дээ. Амьд бурхан, буурал ээж минь та зуу наслаарай!
Ээжээ хүүгий чинь дотор нэг зангирсан бодол байгаад байх юм. Түүнийгээ таньдаа тайлъяа. Ээжээ. Муу бор хүү чинь мэдээ орж хөл, хэлд орсон цагаасаа хормойноос чинь зуурч ажлыг тань хийлгэхгүй дагаж уйлж ярдаглаж, сургууль хичээлээ муу хийж чихийг чинь халууцуулж, тэвэг өшиглөж, хөл бөмбөг тоглож гутал хувцасаа урж сахилгагүйтээд зогсохгүй, эрийн цээнд хүрсэн хойноо ч гэсэн түшиг тулга болох ёстой атлаа зөвхөн уран бүтээлийнхээ мөрийн хөөж бор дарсан зүгээр ч үгүй шүлэнгэтэж ачлал хайрыг тань даалгүй хөөрцөглөж явсан бол энхрий буурал ээж минь өвгөн бор хүүгээ өршөөгөөрэй. Өршөө! Ээж минь өршөө! Амьд бурхан буурал ээж минь та зуу наслаарай. Хүү нь ээжийнхээ насыг хүртвэл болох нь тэр ээ!

0 comments:

Post a Comment