Pages

Sunday, October 10, 2010

Эргэлт (Өгүүллэг) - Т.Бум-Эрдэнэ

Зай завсаргүй ханиалгасандаа Долдын цээж хөндүүрлэж, ар дагзаар нь хатгуулна. “Ханиаданд дарлуулна гэдэг нь энэ юм байхдаа. Би ч ханиад хүрдэггүй биш л дээ. Үе үехэн хүрээд л, эмнээд л явдаг байснаас ингэтлээ их халуурч бүлээрч бүр нэг өвчин маягтай болж байснаа үл санана. Бодвол залуу байсан юм байхаа даа. Эрийг нас, уулыг цас дарнаа гэж хэн хэлсэн юм бол доо. Энэ л үнэн болж таарах нь” гэсэн шүү юм бодон цонх руугаа гэлдэрч очлоо. Иймхэн юманд учиргүй шаналж хэвтээдээ Долд бас ч гэж санаа зовж буй бололтой юмаа.


Урд шөнө Богд хан уул, Цэцээ гүний оройгоор цас цавцайн унажээ. Зүүнээс мандсан өвлийн эхэн сарын нимгэн шар нарны зөөлөн илч зүгээр ч үгүй хяр хэцийн нимгэн сармай цасыг язайлган ил гаргасан нь дээлийн сэмэрсэн эмжээр гэлтэй. Аргагүй хүйтний ам наашилсан болохоор үүнээс цааш хайлуулж дөнгөхгүйгээ илтгэн гөлийн шарлана.
“Айдаа, намрын налгар өдрүүд хүссэн хүсээгүй цаашилж яваа нь энэ биздээ” хэмээн бодож зогстол хаалганы хонх юу болов гэмээр огцомхон дуугарав. Бодол болон зогссондоо цочмор аядсан ч байж болох. “Үгүй өдийд хэн манайхаар ирдэг билээ” гэж цаг яагаа ч үгүйд гайхсаар хаалгаа тайлтал Долдын аав зогсож байв.

- Хүүе! Аав. Энэ өглөөгүүр яаж яваа юм бэ? За ор ор гэж Долд санаанд оромгүй юм гэнэт харсан мэт үргэлжлүүлтэл аав нь барьж явсан цагаан тортойгоо хаалганы хажууд тавьж, амьсгаадан байж хоёр гутлаа өөрөөсөө салган өшиглөөд том өрөөрүү орлоо. Нилээд том биетэйгээс гадна хөгширөөд бие нь хүндэрсэн түүнд гутал хувцаснаасаа салах нь төвөгтэй байгаа бололтой. “Одоо яахав дээ орчин цагийн айл болгон л ингэдэгээс хойш. Түүнээс биш муу хөгшин эцгийгээ орж ирүүт нь гутал хувцастай нь ноцолдуулах ямар олиг байхав” гэж Долд бодож зогслоо.

Аавдаа аяга цай барьсаны дараагаар эцэг нь сая нэг ам нээж
- За, миний хүүхдүүд сайн уу даа? Ханиад хүрлээ гэсэн гайгүй юү?
“Нээрээ, би чинь ойрд аавынхаар ороогүй юм байх чив”
- Гайүй дээ.
- Гайгүй ч гэж дээ наад царай зүс чинь . . .
“Намайг жаахан анхиатайхан байгаа ч дээ гэж байгаа бололтой”
- Аан, жаахан ханиад хүрээд
“Өдий дөч хүрчихээд ханиад томуу яриад гэртээ үлбийж суух ч гэж дээ”
Аав нь цайгаа оочилж сууснаа нэг юм санав бололтой аягатайгаа орхин босож цагаан торноосоо жижигхэн гялгар ууттай юм гаргаж Долдод өгөөд
- Энэ жаахан аарц. Буцалгаж уувал ханиадад сайн байдаг гэдэг
- Өө, яахнав дээ гэсэн хэдий ч авлаа.
“Би ингэхэд ганц цайны сүү бариад оч л уу”
- Өнөө хоёр маань гайгүй биз? гэж түрүүнээс хойш үзэгдэхгүй байгаа Долдын хоёр хүүхдийг асуув.
“Манай хоёр хүүхэд гэж өвөөдөө ирээд үнсүүлчихгүй юм даа”
- Бага нь бас цор цор гээд л байгаа.
“Өрөөнөөсөө ч цухуйхгүй юм золигнууд. Одооны хүүхдүүдээ гэж . . .”
Долдын дараагийн ээлжийн ханиалга зогсолтгүйгээр үргэлжлэхэд тэрээр өөрийн эрхгүй буруу харж хэсэг бөгшүүлэв. Эцгийнхээ дэргэд сүржигнэж баашлахгүйг хичээсэн ч тархи нь ангалзан цээж хөндүүрлэнэ. Түүнийг эргэн харахад эцэг нь өрөвдсөн, хайрласан эсвэл бүр “Яана даа энэ одоо” гэсэн чамласан алин болох нь мэдэгдэхгүй харцаар харж суулаа. Долд ч юм дуугарсангүй.
“Энэ өвгөн болсон хүн зүв зүгээр байхад би гэж нэг амьтан ингэж ч арчаагаа алдаж суух ч гэж дээ. Өнөө цагийн бид ч дээ адуу малын битгий хэл хонь хурганы бэлчээр гүйцэхгүй бээрээд үхчих амьтад юм байхаа даа”
Аав нь халуун цайг чимээгүйхэн оочилж дуусаад юу ч юм хайж энгэр заам, халаас юугаа тэмтэрснээ гэнэтхэн юм санав бололтой
- За за, аав нь ингээд хөдлөхгүй бол горьгүй нь. Ингээд суугаад байвал өдрийг барна гэсэн үг гээд нилээд яаран босож хоёр маажиг гутлаа эв хавгүйхэн углаад гарлаа. Долд араас нь
- Би хэд хоногоос очноо гэж хэлж амжив.
“Юунд ингэтлээ яараа юм болоо”
Яагаад ч юм тэрээр цонх руугаа очив. Бодвол эцгийгээ хармаар санагдсан байх. Нөгөө яаран сандран гарсан аав нь тамхиа асаагаад, гүн гэгч нь уушиглан цэнхэр утааг амнаас гарах цагаан ууртай сүлэлдүүлэн тэнгэр өөд үлээсэн шиг орцны өмнө тайван нь аргагүй зогсоно. Өрөөсөн гутлынхаа цахилгааныг ч татаж төвдөөгүйг бодоход тамхиндаа л тэгтлээ их яарсан бололтой. Гэрт тамхиа татаж болохгүй. Энэ бол орчин цагийн бас нэг дүрэм. Эцэг нь хүүгийнхээ гэрт тамхи татаж болохгүй. Нэгэн бодлын хэцүү ч юм шиг.
“Муу аав маань насаараа л тамхи татсан хүн дээ”
Тайван уужуу суулгаад тамхийг татуулсангүйдээ Долд битүүхэн харамсан зогсоно.
Түүнд аав нь нэг л өвгөн харагдана. Аав гэхээр л хэзээ ч өтөлж хөгшрөхгүй мэт, хэзээ ч үгүй болохгүй мэт, үгүй нэг л уул аятай байж л байх юм шиг санагддагсан. Санагддаг гэхээсээ илүү энэ талаар ер нь хүн тэр болгон бодоод байдаг билүү. Үгүй шүү дээ.
Толгойтой үс нь був буурал болчихож. Буурал болжээ гэж харж л байсан болохоос ингэтлээ бүр цав цагаан болсныг нь анзаараагүй юм байна. Цагаан үс ийм өрөвдөм харагддагийг Долд урьд нь анзаарч байсангүй. Ер нь түүнд анзаарч байгаагүй юм их ажээ. Нуруу нь нилээн бөхийчихөж. Бүр мэдэгдэхүйц шүү. Бага байхад аав нь их л том том алхлан явдагсан. Харин одоо ойр ойрхон гишгэлэх болжээ. Өлмийгөө дугуйруулж ирээд дотогшоо гишгэдэг нь л яг хэвээрээ. Улам ч нэмэгдээ юү гэмээр. Долд бас яг ингэж аавыгаа дуурайсан явдалтай хүүхэд байж билээ. Үүнээсээ ичиж, мөн их хичээсний хүчинд тэгшхэн гишгэдэг болж байсан юмдаг. Засардаг л юм билээ.
Цагтаа гүн ногоон гадартай байсан “Дарханы” хэмээн нэрийддэг нэхий дотортой орос маягийн дээл нь одоо гандаад, нэхий дотрынх нь зүйдэл гадна өнгөндөө гувруутан цайрах нь улам бүр хуучныг санагдуулна.
“Энэ урдах Богд уул миний муу аав хоёр юутай ижилхэн харагдана вэ” гэж бодох зуур Долдын сэтгэлд нэгэн хөнгөн гуниг хүүгэчихэв.
“Аав маань хүүхдүүдээ эргэчихээд сэтгэл тэнүүн яваа нь энэ юм шүү дээ. Эцэг хүн гэдэг нэг их олон юм яриад байхгүй хэрнээ ямар их ухаарал дагуулдаг юм дээ. Ямар ч байсан ороод гарах төдийхөнд л миний өдий хүртэл бодож яваагүйг бодуулж, анзаарч яваагүйг анзааруулах юм”
Өрөөсөн гартаа цагаан тор санжуулан атгасан, өрсөөсөн гутлынхаа цахилгааныг татаагүй хэрнээ ажигч үгүй тамхиа татан алхалж яваа тэр өвгөнөөс Долд нүдээ салгаж чадахгүй л байлаа. Түүнд эцэг нь бүх л насаараа туулсан амьдралаа ухаарал болгон нуруугаа бөгтийлгөн байж араасаа чирч яваа мэт санагдана.
Өглөөний жаварлаг салхи өвгөний буурал санчигаар олон жил оролдож байсан тэр л янзаараа сэрвэгнүүлэвч өвгөн “энэ ингэж л байдаг юм” гэсэн аятай үл анзааран харин ч уушигнаасаа гарах тамхины хөх утааг хоёр шанаагаараа савсуулсаар байшингийн булан тойрлоо. Аавынхаа тойрсон тэр буланг Долд, аав нь буцаад гараад ирэх юм шиг, адаглаад тэндээс хэсэгхэн цэнхэр утаа пургих юм шиг нилээн удаан харж зогсохдоо “Нэг л өдөр аав минь яг ингээд хэнэггүйхэн алхсаар амьдралын буланг тойрчих вий дээ” гэсэн бодол харвав. Төд удалгүй нөгөө булангаас нэгэн годгоносон жаахан охин савтай сүү барьсаар гарч ирээд, хаашаа ч юм гүйж одлоо . . .

2009.11.20

0 comments:

Post a Comment