Банкны сургалтын төв (БСТ) нь байгуулагдаад 15 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд анх Монгол улсын засгийн газар, Олон улсын валютын сангийн хооронд тохирсон хөтөлбөрийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх, банкны салбарын боловсон хүчнийг сургах, давтан бэлтгэх, тэдний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тэдэнд дотоодын болон гадаад орнуудын банк санхүүгийн салбарт гарч байгаа шинэ үйлчилгээ, шинэ бүтээгдэхүүний тухай болон бусад мэдээллийг шуурхай хүргэн дамжуулах зорилгоор Монголбанк болон тухайн үед үйл ажиллагаа эрхэлж байсан арилжааны банкны үүсгэл санаачлагаар Монголбанкны ерөнхийлөгчийн 1993 оны 3/146 тоот тушаалаар "Банкны ажилтны сургалтын төв" нэртэйгээр Монголын банкуудын холбооны дэргэд байнгын үйл ажиллагаа явуулж байхаар анх байгуулагдсан ба захирал, сургалтын менежер, гадаад харилцааны ажилтан, нягтлан бодогч гэсэн 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд тус төв нь, Монголын эдийн засгийн шилжилтийн үеийн хямрал, түүний дотор банк санхүүгийн байгууллагуудад гарсан хүндрэл бэрхшээлүүдийн нэгэн адил БСТ-ийн үйл ажиллагаа доголдох, санхүүгийн хүндрэлд орох, улмаар үйл ажиллагаа нь удаан хугацаагаар тасалдаж зогсонги байдалд орох зэрэг олон хүндрэл бэрхшээлүүдтэй тулгарч байсан. Иймээс Банкны ажилтны сургалтын төв - ийн үйл ажиллагааг сайжруулан тогтворжуулах, материаллаг баазыг бэхжүүлэх зорилгоор Монголбанкны ерөнхийлөгчийн 1997 оны 04-р сарын 21-ний өдрийн 157 тоот тушаалаар тус төвийн нэрийг өөрчилж Монголбанкны дэргэд дэх Банкны сургалтын төв (БСТ) гэсэн нэртэйгээр үйл ажиллагаагаа эрхлэн явуулах болсон. Өнгөрсөн хугацаанд тус төвийн бүтэц зохион байгуулалт 3 удаа өөрчлөгдөж, захирал нь 5 удаа солигдож байсан байна. Тухайн үеийн арилжааны банкуудтай ярьж тохиролцсоны дагуу Монголбанк, Азийн хөгжлийн банктай хамтран зээлийг буцаан төлөх нөхцөлтэйгээр "Банкны ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх МОН15" зээлийн төслийг 1997 оноос 2 жилийн хугацаанд амжилттай сайн хэрэгжүүлсэн нь тус төвийн үйл ажиллагааг цаашдаа тасралтгүй хэвийн явуулах үндэс суурь нь болсон. Ялангуяа 2000 оноос эхлэн Монголбанкнаас байнгын анхаарал хяналт тавин, олон талын туслалцаа дэмжлэг үзүүлэн ажилласаны үр дүнд сургалтын төв -ийн үйл ажиллагаа нь жигдрэн тогтмолжсон ба санхүүгийн чадавхи нь эрс дээшилсэн. Мөн энэ бүхэнд манай арилжааны банкуудын болон зарим ББСБ-дын туслалцаа дэмжлэг, идэвх санаачлага, нягт хамтын ажиллагаа нөлөөлсөн гэдгийг энд онцлон тэмдэглэж байна. БСТ 2000 оноос хойших хугацаанд Швед улсын олон улсын хөгжлийн агентлаг (SIDA), Европын сэргээн босголт, хөгжлийн банк (EBRD), Германы техник хамтын ажиллагааны нийгэмлэг (GTZ),Германы сургалт хөгжлийн төв (INVENT) зэрэг олон улсын байгууллагaтай хамтран Монголын банк санхүүгийн салбарт ажиллаж байгаа ажилтнуудыг сургаж дадлагажуулах, тэдний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор дээрх олон улсын байгууллагуудын хөрөнгө санхүүжилтаар төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн нь манай банкны салбарын хөгжилд оруулсан үр нөлөө бүхий томоохон оюуны хөрөнгө оруулалт болсон.
2000 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд тус төвөөс зохион байгуулсан гадаад дотоод сургалт болон бусад үйл ажиллагаанд Монголбанк, арилжааны банкууд, ББСБ-уудаас нийт 10141 хүн хамрагдан оролцсон ба БСТ дээр хэрэгжсэн төслийн хүрээнд болон бусад гадаадын байгууллагуудын санхүүжилт, тусламж хандивийн хөрөнгөөр гадаад орнуудад зохион байгуулагдсан урт богино хугацааны сургалт семинарт 328 хүн оролцсон байна. БСТ нь үйл ажиллагаагаа тогмолжуулан, зохион байгуулж байгаа сургалтын үр өгөөж, чанарыг дээшлүүлэхэд байнга анхааран идэвхтэй ажилласаны дүнд банкны салбарын ажиллагсадын мэргэжлийн ур чадвар, тэдний мэдлэг, ажлын арга барил, туршлага эрс дээшилсэн ба үүний үр дүнд манай арилжааны банкууд, зарим ББСБ-ууд банк санхүүгийн шинэ үйлчилгээнүүд, шинэ бүтээгдэхүүнүүдийг зах зээлд гарган хэрэгжүүлж, үйл ажиллагааныхаа эрсдлийг бууруулж, удирдлагын менежментийг сайжруулан улмаар тогвортой үйл ажиллагааг ханган ашигтай ажиллаж байна. Энэ үйл хэрэгт БСТ бага боловч тус нэмрээ оруулж байгааг энд онцлон тэмдэглэж байна. Ингээд банкны салбарт ажиллаж байгаа бүх хүмүүст болон хамтран ажилладаг гадаад дотоодын байгууллага хамт олонд ажлын амжилт эрүүл энхийг хүсэн ерөөе.
0 comments:
Post a Comment