Pages

Friday, August 5, 2011

Д.Энхбат: Би зөв явмаар байна

УИХ-ын гишүүн Д.Энхбатын 2008 онд өгч байсан ярилцлагыг хүргэж байна

- 25 дугаар тойргийн асуудлаар Ардчилсан нам л хааяа нэг шаардлага шидэхээс өөр шид алга. Таны зүгээс баянголчуудыг төлөөлөлтэй болгохын тулд ажиллах, санаачлах боломж байхгүй юу?

- Уулзсан хүн бүр л наад асуултыг чинь тавих юм даа. Эхний үед ч СЕХ-ны шийдвэрийг хүлээж байгаа гэж хэлдэг байлаа. Одоо ямар нэгэн тайлбар ярихад ч утгагүй болчихлоо. Нэгэнт хуулиа мөрдөхгүй ээ гээд зарлачихсан улсуудтай хуулийн заалт ярих ч их хэцүү юм байна. Ногоон намаас бас л олон шаардлага хүргүүлсэн. Үр дүнг нь бид бүгдээрээ харж байгаа шүү дээ. Ирэх долоо хоногт хуульч Х.Тэмүүжин бид хоёр хамтарч хэвлэлийн бага хурал хийнэ. Түүн дээр хийх ажлынхаа талаар ярина даа.

- Хуулиа зөрчөөд, ёстой л морь унасан толгойгүй хүн гэгчээр ажиллаж байна гэж СЕХ-ны даргыг шүүмжлэх юм?

- Латин Америкийн диктатур Сомосаг авч хаях тухай яригдахад түүний гадаад тэтгэгчид нь "Тэр бол адгийн амьтан, гэхдээ манай талын адгийн амьтан л даа" гэж хэлж байсан юм гэдэг.
Түүнтэй адил Б.Баттулгыг хууль зөрчөөд байгааг бүгд мэдэж байгаа ч тэр бол эрх баригчдад үйлчилж байгаа хүн учир түүнийг одоохондоо яах ч үгүй байх л даа. Харамсалтай нь, энэ бол Монголын өнөөгийн төрийн үнэн нүүр царай шүү дээ. Ийм цаг л Монголд ирчихээд байгаа учир бид ядуурч, засаг гүнзгий хямралд ороод байна. Надад Б.Баттулга гэдэг хүнийг муу хэлэх ямар ч хүсэл алга.  Харин Монголын төрийг тэд ингэж ялзалж байгаад харамсдаг юм.

- Таны харж байгаагаар одоо тэгээд яавал баянголчууд төлөөллөөрөө төр барих эрхээ хэрэгжүүлэх вэ, ямар нэг гарц танд харагдаж байна уу?

- Их тодорхой гарц байсаар л байна шүү дээ. Зүгээр л Сонгуулийн хуулиа мөрдөхөд л асуудал шийдэгдэнэ. СЕХ сонгууль болсноос хойш 14 хоногийн дотор багтаж гарсан шийдвэрийг л Ерөнхийлөгчид өргөн бариад тойргийн хорооны ажил дуусгавар болох ёстой гэж манай нэртэй хуульчид ч ярьж байгаа. Харин маргааны шалтгаан болоод байгаа С.Эрдэнийн бичиг баримт зассан гэх асуудал эрүүгийн хуулийнхаа дагуу л өөрийн шугамаараа явах ёстой байсан. Хэрвээ хэн нэг хүн л өргөдөл гаргахад сонгуулийг ингэж саатуулж болдог юм бол 26 тойрог тутамд 26 хүн өргөдөл гаргахад Монгол Улс парламентгүй болох байсан юм уу. Тэгээд ч өнөөдөр шүүх хэнийг ч буруутан гэж тогтоогоогүй байхад СЕХ ер нь тэр нөхөр буруутан байж магадгүй ээ гэж дүгнээд түүнийг ажилдаа орохыг нь саатуулах эрхгүй шүү дээ. Би энд Н.Баяртсайхан, С.Эрдэнэ хоёрын хэн нэгний зөв бурууг огт хэлээгүй. Аль ч тойрог дээр хэнд ч ийм асуудал тулгарахад сонгуулийн хууль, бусад хуулиуд өөр өөрийн хүрээнд үйлчлэх тухай л ярьж байна. Энд нэг жишээ хэлье л дээ. Хэрэв галт тэргэнд хоёр хүн зодолдсон бол галт тэргийг зургаан сар зогсоох байсан юм уу, эсвэл галт тэрэг хуваариараа үргэлжлүүлэн яваад харин тэр хоёр нөхөр хууль дүрмийн дагуу хариуцлага хүлээх байсан юм уу. Гэхдээ энэ бүгдийг СЕХ сайн мэдэж байгаа нь эргэлзээгүй.

- Таныг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломж олгохгүйн тулд энэ тойргийн дүнг Ерөнхийлөгчид өргөн барихгүй байгаа гэх юм?

- Яахав, энэ бол хэвлэлийнхний таамаг байх л даа. УИХ-ын 25 дугаар тойргийн асуудал бол зөвхөн Энхбатынх биш түүгээр ч зогсохгүй нэр дэвшигч дөрвөн хүний ч асуудал биш. Энэ бол 150 мянган сонгогч буюу Монголын нийт сонгогчдын 10 хувийн санал одоо болтол тооцогдохгүй байгаа тухай яриа. Үнэндээ бол энэ бол Монгол Улсын төр, нийгмийн эсрэг маш том гэмт хэргийн тухай асуудал. Сонгууль бол ардчилсан төрийг бүрдүүлэгч хамгийн гол механизм. Үүнийгээ бид ийм хүмүүст хариуцуулчихаад хүчтэй, эрүүл төр, засагтай болох тухай ярих нь их л хариуцлагагүй зүйл болж байгаагийн жишээ болов уу. Энэ нь өөрөө бид ардчилсан төрийн мөн чанарыг одоо ч бүрэн ойлгоогүй л байна гэсэн үг гэж бодогдох юм.

- Ер нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбож та улс төрийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

- Өнөөдөр аль ч улс төрийн хүчин, Ерөнхийлөгч ч адил Монголын өнөөгийн улс төрийн байдал - д бүрэн дүгнэлт өгч чадахгүй байна. Монголд системийн хямрал улам гүнзгийрч байна. Бид асуудалд зарчим барьж бус, харин өөр өөрсдийнхөө явцуу, мөнгөний сонирхлоор хандах болсноор манай нийгмийн олон институт задралын байдалд оржээ гэж би хардаг. Улс төрийн намууд, төр, засаг, хуулийн байгууллагууд авлигагүйгээр ажиллаж чадахаа больж, тэр бүү хэл тогтсон хэв заншил, ахуйн харилцаа хүртэл эвдэрч байна. Энэ үед бидэнд шинэ үзэл санаа дэвшүүлж өөрчлөлт хийх улс төрийн хүсэл зориг хэрэгтэй болж байна. Харин хэн үүнийг эхлүүлж чадах вэ, Ерөнхийлөгчийн сонгууль үүнд  хэр нөлөөлж чадах вэ гэж л бодож байна даа. Бусдыг нь сонин хэвлэлүүдээр зөндөө л бичиж байгаа шүү дээ.

- Ер нь боломж байвал та Ерөнхийлөгчид нэр дэвших үү?

- Үнэхээр Ерөнхийлөгчийн сонгуульд орно, орохгүй гэж бодсон юм алга. Яагаад вэ гэхээр хэнд ч амьдралын зорилго гэж байдаг. Хэрэв тэр зорилготой чинь Ерөнхийлөгчийн сонгууль давхцаж байвал нэг хэрэг. Хэрвээ ингээд л луйвардаад, хуйвалдаад, хулгайлаад явах юм бол тэр рүү орж яах юм бэ. Товчоор хэлэхэд, би зөв явмаар байна. Тэгэх ч болно. Харин улс төрийн намын даргын хувьд бол парламентад оронгуутаа бусад намын нэгэн адил Ерөнхийлөгчийн сонгуульд анхаарал тавьж ажиллана.

- Харин иргэний эвсэл гэж явснаа гэнэт намын дарга болсон болохоор л таныг Ерөнхийлөгчийн сонгуультай холбож ярих нь их гарч байгаа байх. Сүүлийн үед таныг МАХН-ын дарга С.Баяртай их л сүжирч, хамтран ажиллах болсон гэх юм. Сонгуулийн маргааш танай эхнэр найз руугаа утасдаад "Энэ Баяр чинь хэлсэн амандаа хүрдэггүй юм байна..." гэж хэлсэн талаар мэдээлэгдэж, бичигдэх л юм?

- С.Баяр надад юу амласан юм бол. Бас манай эхнэр найз руугаа юу гэж ярьсныг хүмүүс яаж мэддэг юм бол. Хүний нэр нь үнэн, бусад нь уран сэтгэмж гэдэг билүү.

- Банкны хямралыг улстөрийн зорилготой гэж тайлбарлах боллоо. Та юу гэж үзэж байна вэ?

- Өнөөдөр манайд улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн сонирхол ороогүй хэрэг, үйл явдал байдаг билүү. Нарийн ширийн нь бүгд удахгүй тодорхой болно биз.

- Н.Давааг эхлээд Хан-Уулд бие дааж байгаад дараа нь ИХ нам руу элсч, танай эвслээс УИХ-д нэр дэвшсэн гэх юм?

- ИХ намд хэзээ, хэрхэн элссэнийг би мэдэхгүй юм байна аа. Харин Н.Даваатай хэд хэдэн удаа уулзаад ажил хэрэгч, зүтгэлтэй хүн гэдгийг л мэдэх болсон.

- "Анод"-той холбогдоод, "Дүнжингарав"-ын тухай яригдаж байгаа. Таныг "Мон-Уран"-ы Наранхүүтэй дотно холбоотой байсан гэж мэдээлэгдсэн?

- Харин Б.Наранхүүг бол би сайн танина аа. Түүнийг ганц би ч биш олон хүн таньдаг байлгүй дээ. Би ч олон жилийн өмнөөс мэднэ. Математик, компьютер сонирхоод явдаг оюутан байхдаа л байнга ирж юм заалгаж явдаг байсан. Толгой сайтай. Харин дараа нь бизнес хөөгөөд алга болсон. Ер нь маш олон залуучууд тэгж явсан шүү дээ. Олон нь ч сайн яваа байх, бас зарим нь муу явдаг л байх. Гэхдээ энэ бүгд бол хүн болгоны мэддэгтэй адил л ердийн түүх юм даа.

- Та "Форум" нэвтрүүлгээ дахин эхлүүлэх гэж байгаа гэлүү?
- Би улстөрч болсон учир сэтгүүлч хүн шиг төвийг сахиж нэвтрүүлэг хөтөлнө гэхэд хүмүүс итгэхгүй байх л даа. Түүнээс биш бидэнд өнөөдөр улс төрийн бодлого, өдөр тутмын амьдралыг холбосон гүнзгий агуулгатай нэвтрүүлэг үгүйлэгдэж байна. Чадалтай залуучууд гарч ирээд хийх байлгүй. Харин бид ногоон улс төр, ногоон хөгжлийн талаар нэвтрүүлэг хийх боломж хайж байна. Энэ бол харин XXI зууны улс үндэстний хөгжлийн маш том үзэл санаа юм шүү дээ. Бид нэвтрүүлэг хийх байх аа.

Б.Хажидмаа

0 comments:

Post a Comment